"Дэлхийг дагуулах физикчид" Чингис хотноо өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-04-17 16:23:19
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын физикийн XXX олимпиад их эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгийн Чингис хотноо энэ сарын 20-23-нд “Дэлхийг дагуулах гараа” уриан дор болно.

Техник технологи, инноваци зэрэг бусад шинжлэх ухааны нээлт, ололтууд зөвхөн физик дээр суурилдаг учраас энэ удаагийн улсын олимпиадыг олон улсын жишигт нийцүүлэхийг зохион байгуулагчдын зүгээс зорьж байна.

Физикийн олимпиадыг онол болон туршилтын хэсэгтэй явуулдаг бөгөөд оролцогчид бодлогын бодолтоо шүүгчидтэй хэлэлцэн бодолтоо хамгаалдаг онцлогтой. Энэ жилийн олимпиадад ОХУ-ын Буриадаас дөрвөн сурагч, хоёр багш оролцохоо мэдэгджээ.

Улсын физикийн олимпиадын ерөнхий зохион байгуулагчаар Улсын физикийн олимпиадын хороо, хамтран зохион байгуулагчаар Хэнтий аймгийн Нутгийн зөвлөл ажиллаж байна.

Дашрамд мэдээлэхэд, 1973 оноос физикийн сургалтыг сайжруулах, тус шинжлэх ухаанд сонирхолтой сурагчдыг тодруулах зорилгоор физикийн олимпиадыг Улаанбаатар хотын хэмжээнд, 1980 оноос тухайн үеийн “Залуучуудын үнэн”, “Пионерийн үнэн” сонинд бодлого нийтэлж улсын олимпиадыг эчнээ хэлбэрээр явуулж байжээ.
1987 оноос улсын хэмжээнд өргөтгөн зохион байгуулж эхэлснээс хойш эдүгээ 30 жилийн туршид 2100 гаруй сурагч, 900 гаруй багш нар оролцсон байна. Физикийн олимпиадын медальт байранд шалгарсан сурагчдаас гадаадын шилдэг их сургуульд ажилладаг профессор судлаач, физикч эрдэмтэд олноор төрөн гарсаар байгаа аж.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр
Холбоотой мэдээ