Алдаа гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцно

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2017-04-17 16:41:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 14-нд Батлан хамгаалахын сайдын зөвлөл хуралдаж, өмнө нь өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт явцыг авч хэлэлцжээ.

2016-2017 оны сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын төвд энэ сарын 11-ний өдөр 311, 350 дугаар анги байлдааны буудлага хийж бэлтгэлээ хангах явцад осол гарч, хоёр цэргийн албан хаагч нас барж, 8 хүн эмнэлэгт хүргэгдсэн. Уг осолтой холбогдуулан тухайн өдрийн 22 цагт сайдын зөвлөлийн өргөтгөсөн хурлыг зохион байгуулж Тавантолгойд  болж буй байлдааны буудлагатай хээрийн сургуулийг зогсоох, байлдааны галт хэрэгслэл, зэвсэг техникүүдтэй харьцахыг цэргийн ажиллагааны стандартын дагуу явуулах, галт зэвсэгтэй харьцахаас өмнө заавал 3-5 удаа хуурай дадлага хийлгэж нэг бүрчлэн сургасны дараа ажиллагааг явуулж байх  үүрэг чиглэл өгчээ. 

Тус хуралдаанаас хариуцлагагүй ажилласан албан тушаалтнуудад шүүх, цагдаагийн байгууллагын дүгнэлт, БХЯ, ЗХЖШ-ын ажлын хэсгүүдийн дүгнэлтийг үндэслэн хатуу арга хэмжээ авах санал боловсруулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Б.Туул

 

Холбоотой мэдээ