Пхеньян "долоо хоног тутамд пуужин харвана"

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-04-18 08:56:22
ПХЕНЬЯН. /ВВС/. Олон улс орон зэмлэн буруушааж, АНУ-тай харилцаа улам хурцдаад байгаа хэдий ч пуужингийн туршилт хийхээ зогсоохгүй гэж Умард Солонгосын нөлөө бүхий албан тушаалтан Пхеньянд “ВВС” телевизийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө хэлжээ.

Умард Солонгосын Гадаад хэргийн дэд сайд Хан Сон Рёл хэлэхдээ “бид долоо хоног, сар, жил тутамд пуужингийн туршилт хийж байх болно” гэсэн байна. Тэрбээр цааш нь хэлэхдээ “хэрвээ АНУ цэргийн ажиллагаа явуулбал дайн дэгдэнэ” гэжээ.

Янзыг үзэж байгаа мэт АНУ-ыг сорьж туршихгүй байхыг тус улсын дэд Ерөнхийлөгч Майк Пенс өчигдөр Умард Солонгост анхааруулахын сацуу  манай улсын хувьд Умард Солонгостой “стратегийн тэвчээр зааж харилцах эрин үе” өнгөрсөн гэж хэлсэн юм.

Умард Солонгос өнгөрсөн ням гарагийн үүрээр нэг баллистик пуужин харваснаас хойш хэдхэн цагийн дараа М.Пенс Сөүлд газардсан билээ. АНУ болон Өмнөд Солонгосын албаны хүмүүсийн хэлснээр, пуужин хөөрснийхөө дараахан дэлбэрчээ.

Олон улс зэмлэн буруушааж, НҮБ хориг арга хэмжээ авсаар байгаа хэдий ч Пхеньян сүүлийн жилүүдэд цөмийн болон пуужингийн туршилтаа эрчимжүүлсээр байна.

Үүний цаад гол зорилго нь дэлхийн аль ч хэсэгт, тухайлбал АНУ-ын нутаг дэвсгэрт хүрч цохилт өгөх хүчин чадалтай тив алгасах баллистик пуужинд цөмийн цэнэгт хошуу суурилуулах явдал юм гэж шинжээчид үзэж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Солонгосын хойг руу тэнгисийн цэргийн цохилтын бүлгээ илгээсэн бөгөөд THAAD буюу баллистик пуужинг замаас нь амдан устгах системийг Өмнөд Солонгост байрлуулах ажлыг Вашингтон, Сөүл хоёр эрчимжүүлж байгаа юм.

Ажиглагчдын үзэж байгаагаар, нөхцөл байдал хурцдаад байгаа хэдий ч Умард Солонгос хэзээ мөдгүй зургаа дахь удаагаа цөмийн туршилт хийж магадгүй байна.

Г.Доржханд
 
 

 

 
Холбоотой мэдээ