Цагдаа нар хүчирхийллийн эсрэг нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-04-18 10:07:03
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газраас “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хамтдаа нэгдэцгээе” сhallenge/нийтээр түрэх аян/ өрнүүлж байна.  Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход хүн бүрийн оролцоо чухал үүрэгтэй тул давалгаанд бидэнтэй нэгдэж иргэдэд дуу хоолойгоо хүргээрэй хэмээн тус албаныхан уриаллаа. 
Уриалгад нэгдэхийн тулд цахим хуудсандаа "Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хамтдаа нэгдэцгээе” гэх текстийг хуулж бичээд, хүчирхийллийн эсрэг өнгө болох улбар шар өнгөтэй хувцас, таних тэмдэг бүхий зургаа оруулах юм байна. 
Энэ нь Хүчирхийллийн эсрэг хийж чадах хамгийн энгийн зүйл бөгөөд хөшигний ард нуугдмал байдаг гэр бүлийн хүчирхийлэл тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо ийнхүү нэгтгэхийг аймгийн Цагдаагийн газраас уриалжээ.
Баянхонгор аймагт сүүлийн гурван жилийн хугацаанд Гэр бүлийн хүчирхийллийн 90 гэмт хэрэг бүртгэгдэж, жил ирэх тусам гэмт хэргийн тоо өсөх хандлагатай байгааг салбарын мэргэжилтнүүд онцолж байгаа юм. 
                                                                                                                               Б.Мөнхзул
Холбоотой мэдээ