Тойргийн барилдаанд аймгийн хурц арслан Н.Золбоо түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-04-18 10:09:44

Баянхонгор /МОНЦАМЭ/. "Бөхийн баяр-2017” аймгийн аварга шалгаруулах бөхийн барилдаан өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Энэ удаагийн аймгийн аварга шалгаруулах барилдаан Баянхонгор аймгийн Үндэсний бөхийн холбооны бүтэц, удирдлагуудаа шинэчилсэн цаг үед болсноороо онцлог байв. 

Аймгийн аварга шалгаруулах тойргийн барилдаанд аймаг, сумын цолтой 54 бөх таван хэсэгт хуваагдаж барилдлаа. Эндээс дөрөв дөрвөн бөх шалгарч, 20 бөх дөрвөн хэсэгт хуваагдаж тойргоор барилдан, шигшээ найман бөх шалгарч үлдлээ.

Нэгдүгээр байрт Баянбулаг сумын харъяат, Хүч спорт хороо, Мөнхийн үсэг групп, Ист даймонд дриллинг ХХК, Их богд бөхийн дэвжээний бөх, Бөхийн чөлөөт барилдааны ОУ-ын хэмжээний мастер, Үндэсний шигшээ багийн тамирчин, аймгийн хурц арслан Н.Золбоо орж, үзэгч олноо баясгасан бол Заг сумын харъяат, Зэвсэгт хүчний  339 дүгээр ангийн бөх, Цэргийн арслан Д.Цэрэнтогтох удааллаа.

Удаах байруудад Баянбулаг сумын харъяат, Эрин гүрэн ХК, Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын бөх, аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү, Бууцагаан сумын харъяат, сумын заан Б.Батдорж, Баянговь сумын харъяат, аймгийн арслан Б.Бат-Амгалан, Гурванбулаг сумын харъяат, сумын заан Лхамдорж, Баянбулаг сумын харъяат, аймгийн арслан Д.Энхбат, Богд сумын харъяат, аймгийн харцага Ж.Энхбаатар нар тус тус орлоо.

“Бөхийн баяр-2017” барилдааны хоёр дахь өдөр сумын цолтой болон залуу 48 бөхийн барилдаан болов. Уг барилдаанд Баян-Өндөр сумын харъяат, сумын заан Б.Тавхай түрүүлж, Баянговь сумын харъяат, сумын заан С.Бат-Эрдэнэ үзүүрлэсэн бол Баянлиг сумын харъяат, сумын заан Б.Билэгдэмбэрэл шөвгөрлөө.

Харин хаалтын барилдаанд улс аймгийн алдар цолтой, хүчит 96 бөх зодоглосноос шөвгийн зургаад аймгийн арслан Энхбат, Жамбалдорж, цэргийн арслан Цэрэнтогтох нар шалгарлаа. Шөвгийн гуравт хурц арслан Золбоо шөвгөрч, Баянбулаг сумын харъяат, Улсын харцага Б.Батболд үзүүрлэж, Бууцагаан сумын харъяат, Улсын начин Ж.Чулуунбат түрүүлэв.

Мөн үеэр аймгийн аварга шалгаруулах барилдаанд 16 давж дөрөвдүгээр байрт орсон сумын заан Б.Батдоржид аймгийн начин цол олголоо.
Сонирхуулахад, Баянхонгор аймгийн Үндэсний бөхийн холбооны шинэ тэргүүнээр аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн сонгогдсон байна.

                                                                                                                         Б.Мөнхзул

Холбоотой мэдээ