Дорнод аймаг жуулчид хүлээж авах бэлтгэлээ базаажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-04-19 19:34:26
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймаг энэ жил 2 мянга гаруй жуулчин хүлээж авахаар төлөвлөж, жуулчид тухлах буурчийн газар, жуулчны бааз, амралтын газрууд бэлтгэлээ базаажээ. Тус аймгийн хувьд 20 гаруй зочид буудал, жуулчны бааз байнга ажиллаж байна.
Зочид буудлын үнийн тариф 25-180 мянган төгрөгийн ханштай бол нэг дор 100 хүн хүлээн авах хүчин чадалтай жуулчны бааз үйлчилгээнээсээ хамаараад янз бүр, амралтын байшинг сонгох бол 200 мянган төгрөгөөс эхэлж байгаа юм. “Ногоон төгөл”, “Дөлгөөн ээж”, “Суут хархираа” зэрэг 10 гаруй амралтын газраас сонголтоо хийж, хоногийн 8-80 мянган төгрөгөөр амрах боломжийг санал болгож байна.
Дорнод аймаг нь домог түүхийн өлгий нутаг. Эртний Хэрлэн бар хот, Бөртэ хатны өлмий тамгалсан домогт газар нутаг, дундад үеийн ахуй цагт Халхын их ван Тогтох төрийн бүтээл Их бурхант, ойрхи цагийн түүхт ялалтыг мөнхөлсөн хөшөө дурсгалууд гээд жуулчид үзэж харах зүйл олонтой гэж хэлж болно. Түүнчлэн дэлхийн эко системд онгон төрхөөрөө үлдсэн тэгш их тал, тэнд хэдэн мянгаараа сүрэглэх цагаан зээр гээд байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах боломжтой юм. 
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ