Архивын байгууллагын түүхт ойг тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-04-19 23:50:56
Дорноговь /МОНЦАМЭ/.Монгол Улсад  орчин үеийн архивын байгууллага  үүсэн байгуулагдсаны түүхт 90, Дорноговь аймагт архивын байгууллага үүсэн байгуулагдсаны 60 жилийн ой энэ онд тохиож байна.
Түүхт ойн баярыг орон нутагт энэ оны аравдугаар сарын 12-ноос 13-нд   тэмдэглэхээр  аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин захирамж гаргаж Ажлын хэсгийг 13 хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа.

Ажлын хэсэг дөрөвдүгээр сарын 05-нд хуралдаж зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөөг баталсан байна.

Албаныхан Дорноговь аймгийн  архивын үүсэл, хөгжлийн тухай түүхэн ном бичих, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, байгууллага бүр архив албан хэрэг хөтлөлтийн ажлыг сайжруулах, бүтээлч үйлсийн аян өрнүүлэх, онц цагийн шаштирыг тэмдэглэж үлдээх дэвтэртэй болох, архивын баримт хийгээд түүх соёлын өвийг сурталчилсан үзэсгэлэн зэргийг  зохион байгуулахаар төлөвлөжээ.

Мөн архивын байгууллагыг олон нийтэд сурталчлах, “АХА” тэмцээн өрнүүлэх, “Нээлттэй хаалга”ны өдөр зохион байгуулахаас гадна иргэд, хувь хүмүүсийн гар дээр байгаа архивын тусгай төрлийн бичиг эх сурвалжийг сурвалжлах, олж баримтжуулах,  архивын баримтат бүртгэх зэрэг ажлыг хийх аж.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ