Виктория Бэкхемд Британийн эзэнт гүрний одон гардуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГЛОНДОН./BBC/. Их Британийн ханхүү Уильям загвар зохион бүтээх салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж Spice Girls поп хамтлагийн гишүүн асан, дизайнер Виктория Бэкхемд Британийн эзэнт гүрний одон гардууллаа.
Букингемийн ордонд болсон шагнал гардуулах ёслолд Виктория өөрийн нөхөр болох хөлбөмбөгчин Дэвид Бэкхем болон эцэг эхийнхээ хамт хүрэлцэн иржээ.
“Өнөөдөр Букингемийн ордонд уригдсан хүмүүсийн дунд зогсч байгаа нь миний хувьд маш өндөр нэр хүндийн хэрэг юм. Би британи хүн болж төрснөөрөө бахархаж байна, бас Кембрижийн герцогоос энэ шагналыг хүртэж байгаадаа ихэд баярлаж, бас ичих шиг боллоо” хэмээн Виктория сэтгэл хөдлөн ярьжээ. Тэрбээр нөхөрт гарахаасаа өмнө Виктория Адамс нэрээрээ олны танил болсон юм.
“Хэрвээ чи мөрөөдлөө чөлөөтэй тавьж, борви бохисхийлгүй ажиллах аваас итгэхийн аргагүй өндөрлөгт хүрч чадна. Би энэ баярт мөчөө эцэг эх, эр нөхөртэйгөө хамт хуваалцаж байгаадаа баяртай байна. Тэдний хайр, түшиг дэмжлэггүйгээр ийм амжилтанд хүрэх боломжгүй” гэж “dVb Style” жинсэн хувцасны брэндийг бий болгосон Виктория хэллээ.
Хувцасны загвараас гадна Виктория Бэкхем нарны шилний цуврал, Intimately Beckham гэж үнэртэй ус гаргаж, орчин үеийн загварын хөтөч номыг бичжээ.
Дашрамд дурдахад, түүний нөхөр Дэвид Бэкхем Английн хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч байхдаа 2003 онд Британийн эзэнт гүрний одон хүртэж байсан юм.
О.Барс