202 зорчигчийг аюулгүй газар шилжүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
mn_tuul@montsame.mn
2017-04-20 10:56:59
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн хойд сумдын нутгаар өчигдөр хүчтэй цасан шуурга шуурсан тул тус чиглэлийн замыг оройн 19 цагаас үүрийн 5 цаг хүртэл түр хязгаарлажээ.

Энэ хугацаанд Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас шуурхай арга хэмжээ авч ажилласнаар уг чиглэлд зорчиж явсан 202 зорчигчийг аюулгүй газар шилжүүлсэн байна.

Одоогоор зүүн аймгийн ихэнх нутгаар цаашлаад төвийн болон говийн аймгийн нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдах төлөвтэй байгаа аж.  Иймд онцын шаардлагагүй бол орон нутгийн замд зорчихгүй байх, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргаж буй анхааруулгыг дагаж мөрдөхийг зөвлөлөө.

Нэгэнт зам гарсан бол бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал тавих, авто замын зорчих хэсэгт үүссэн хальтиргаа гулгааны улмаас зам тээврийн осол гарах, автомашин олноор замд саатах, шатахуун дуусах, эвдрэл гарах, холбоо тасрах зэрэг хүндрэл гарч болзошгүй тул жолооч нар өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган, тухайн замын нөхцөлд хурдаа зөв тохируулан, хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар ханган хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа.
 
Б.Туул
Холбоотой мэдээ