Даланзадгадад хяналтын камер нэмнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-04-20 11:30:41
Өмнөговь /МОНЦАМЭ/ Тус аймгийн төв Даланзадгад суманд хяналтын камер нэмэхээр болж, ажлын хэсэг байгууллаа. Сумын Засаг дарга Т.Алтансүх энэ асуудлаар захирамж гаргаж аймгийн Цагдаагийн газар,Захирагчийн Ажлын Алба, Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК , Аймгийн цахилгаан холбооны газар, Мэдээлэл холбоо сүлжээ ТӨХК-уудтай хамтран нийт камерын тоог нэмэгдүүлэх, шинэчлэх ажлын хэсэг байгуулсан байна.
Ингэснээр сумын ойр орчимд архидан согтуурах, хог хаягдлаа ил задгай асгах явдал болон гэмт хэргийг бууруулах зэрэг олон ач холбогдолтой гэж үзэж байгаа юм. Мөн үүн дээр багийн ИНХ-уудаас гарсан санал санаачлагуудыг тусгаж хамтран ажиллаж байгаагаараа онцлогтой ажээ. 
Одоо ажиллаж байгаа камерууд дүрс таталт муу байгааг мэргэжлийн байгууллагынхан шүүмжилж байгаа бөгөөд камерын нууцлалыг чанад хадгалах учиртайг сануулж байгаа юм. Мөн Даланзадгад сумын гэр хороолол хойшоо, зүүн болон зүүн хойт зүгрүүгээ тэлж байгаа учир таталт сайтай камераас гадна гэрэлтүүлэг маш чухал байгааг иргэд хэлж байна. 
Тухайн ажлын хэсгийн судалгааны дагуу хэдэн камер хаана хаана суурилуулахаа шийдвэрлэх ажээ. 
Аймгийн Статистикийн газрын мэдээлж байгаагаар аймгийн хэмжээнд оны эхний гурван сарын байдлаар баривчлагдсан хүний тоо 30 байгаа нь өмнөх оны мөн үеэс 16 хүнээр буюу 2,1 дахин, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан жолооч 195 байгаа нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 76 хүнээр буюу 63.9 хувиар өсчээ. Илрүүлсэн нийт зөрчлийн тоо 4598 болж өмнөх онымөн үеэс 1866 хүнээр буюу 68.3 хувиар, торгуулийн хэмжээ 39.2 хувиар тус тсу өссөн үзүүлэлттэй байна. 
 
Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ