Үндэсний сургагч багшаар бэлтгэгдсэн сэтгүүлчид мэргэшив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-04-20 15:28:45
Завхан /МОНЦАМЭ/. “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн хүрээнд хэвлэл мэдээллийн үндэсний сургагч багш нарыг мэргэшүүлэх, туршлага солилцох хоёр дахь шатны сургалт нийслэл хотноо боллоо. Энэхүү сургалтад өнгөрсөн жил анхан шатны сургалтанд сууж үндэсний хэмжээнд сургагч багшаар бэлтгэгдэж шалгарсан орон нутаг болон төвийн 13 сэтгүүлч хамрагджээ.
Энэ үеэр мэргэшсэн багш, судлаачид тогтвортой хөгжлийн чиглэлээр ногоон оффис, генетикийн инженерчлэл, уур амьсгалын өөрчлөлт, ойн тооллого, байгалийн нөөц гэхчлэн чухал сэдвүүдээр сэтгүүлчдэд сургалт хийв. Сургалтын явцад сэтгүүлчид тогтвортой хөгжлийн боловсрол, зөв дадлыг олон нийтэд сурталчлах чиглэлээр хийсэн бүтээлүүдээ танилцуулсан байна. Мөн тэд сургалтын хугацаанд иргэдэд зөв дадлыг тогтвортойгоор бий болгох чиглэлээр богино хэмжээний дүрсжүүлсэн сурталчилгааг бэлтгэж, БОАЖЯ болон Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн багийнханд танилцууллаа. “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийг Монгол Улсын Засгийн газар, БОАЖЯ, БСШУЯ, Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжүүлэлттэйгээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Шведийн Упсала Их сургууль, Швейцарийн Боловсролын Олон улсын хамтын ажиллагааны хүрээлэнгээс хамтран хэрэгжүүлж байгаа аж. Төсөл 2015-2017 онд хэрэгжинэ.
Б.Мягмарсүрэн
Холбоотой мэдээ