Зүүн бүсэд 50 мегаваттын хүчин чадалтай өргөтгөл барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-04-20 15:49:42
Дорнод /МОНЦАМЭ/.  Зүүн бүсийн эрчим хүчний гол төвлөрөл нь Дорнод аймгийн ДБЭХС ТӨХК юм. Тус компани Дорнод аймгаас гадна Хэнтий, Сүхбаатарыг цахилгаан эрчим хүчээр хангадаг. Жилээс жилд зүүн гурван аймагт орон сууцны төвлөрөл бий болж, уул уурхайн компаниуд нэмэгдэж байгаа энэ үед “ДБЭХС” ТӨХК-ийн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудал тулгарч байна. Үүнтэй холбогдуулан 50 мегаваттын өргөтгөл барихаар шийдвэрлэж, өнөөдрийн байдлаар үнэлгээ хийгдэж байгаа ажээ. Тус станц нь 36 мегаваттын хүчин чадалтай бөгөөд өнгөрөгч өвөл л гэхэд бүх хүчин чадлаараа ажиллаж, зайлшгүй үед төвийн эрчим хүчний системээс цахилгаан эрчим хүч худалдан авч орлуулсан байна. 
Энэ тухай Дорнод аймагт болж байгаа эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн зүүн бүсийн уулзалт зөвлөлгөөний үеэр яригдлаа. Зөвлөлгөөнд 25 байгууллагын төлөөлөл оролцож, эрчим хүчний үр ашиг, энэ салбарын боловсон хүчний менежментийг хэрхэн сайжруулах, байгаа нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглах, хэмнэлтийг хэрхэн бий болгох тал дээр санал бодлоо солилцож байгаа юм.
Түүнчлэн эрчим хүчний салбарын өмнө гарч ирж байгаа шинэ тутам ойлголт бол сэргээгдэх эрчим хүч гэж хэлж болно. Энэ талаар ч тэд туршлагаа хуваалцаж байна. Тухайлбал, Салхитын 50 мегаваттын салхин парк, Дархан-Уул аймагт баригдсан 10 мегаваттын нарны станцыг байгуулахад хэрхэн хөрөнгө босгосон, энэ төрлийн төслийг хэрэгжүүлэхэд бэрхшээл юу байсан гээд холбогдох хүмүүс туршлагаа харамгүй хуваалцаж байлаа. Байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хувьд хэмнэлттэй сэргээгдэх эрчим хүчийг ашиглахад тулгамдаж байгаа нэг асуудал бол үнэ тариф өндөр тусч байгаа явдал юм. Төрөөс энэ тал дээр зохицуулалт хийж чадвал манай улс нар салхинаас эрчим хүчээ авах бүрэн боломж бий гэдгийг салбарынхан хэлж байна.
Д.Дэлгэрмаа

Холбоотой мэдээ