Амь тэнссэн үед түргэвчилсэн үнэлгээ хийхэд суралцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-04-21 14:48:21
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс өнөөдөр “Амь тэнссэн үеийн түргэвчилсэн үнэлгээ, лавшруулсан тусламж”-ийн сургалт зохион байгууллаа.

Сургалт нь яаралтай тусламжийн эмч нарт амь насанд аюултай эрсдэлд орсон өвчтний биеийн байдалд түргэвчилсэн үнэлгээ хийх, амилуулах, лавшруулсан үнэлгээ /AALS/ хийх, мэдлэг, чадвар, хандлагыг эзэмшүүлэх зорилготой.  

Сургалтыг нарийн ажилбар гүйцэтгэх боломжтой, өндөр үнэ өртөг бүхий сүүлийн үеийн манекен ашиглан зохион байгуулснаараа онцлогтой.


Энэхүү манеканы талаар УНТЭ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч С.Алтансүх, “Сүүлийн үед олон улсад хүн дээр шууд хагалгаа хийж, дадлагажихаа больсон. Суралцагчид эмнэлзүйн дууриамал орчин гээд хүний арьстай адил манекан дээр дадлага хийж байна. Амь тэнссэн үед түргэвчилсэн үнэлгээ хийж  лавшруулсан тусламжийг цаг алдалгүй үзүүлснээр хүний амь насыг аврах боломжтой” хэмээн тайлбарлалаа.
 
Сургалтад ГССҮТ, Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, Улсын Гуравдугаар төв эмнэлэг, Нийслэлийн, БГД ЭМТ-ийн нийт яаралтай тусламжийн найман эмч  хамрав.

Эрүүл мэндийн хөгжлийн төв, Жайка олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог сайжруулах төслийн хүрээнд элтгэгдсэн Үндэсний сургагч багш нар удирдан явуулсан юм.
Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр
.

                    
Холбоотой мэдээ