Палестин залуу Тель-Авив хотод халдлага үйлджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-04-24 09:38:10

ЛОНДОН. /BBC/. Тель-Авив хотод Палестины нэгэн иргэн гудамжаар явж байсан хүмүүс рүү халдан дөрвөн израиль хүнийг шархдуулжээ.

Ням гарагийн өглөө бахиар зэвсэглэсэн 18 настай палестин залуу зочид буудлын үүдэнд, мөн голын эрэг орчимд хүмүүс рүү халдаж, ахимаг насны дөрвөн израиль хүнийг шархдуулжээ.

Шархадсан хүмүүст эмнэлгийн анхны тусламж үзүүлж, эмнэлэгт хүргэсэн ба тэдний авсан шарх нь амь насанд нь аюулгүй гэж эмч нар мэдээллээ.

Цагдаагийн төлөөлөгч хэлэхдээ "энэ бол террорист халдлага байсан, халдсан этгээдийг баривчилсан, одоо түүнийг байцааж байгаа" гэсэн байна. Халдлага Тель-Авив хотын төвийн Яркон гудамжинд гарсан байна.

Дээрх хэрэг гарахаас өмнөхөн /халдлага болсон өдөр/ үзэн ядах сэдлээр хүйтэн зэвсэг хэрэглэн араб хүмүүс рүү халдсан хэрэгт сэжиглэн зургаан израиль хүнийг баривчилсан тухай эрх баригчид мэдээлсэн юм. Тэднийг мөн адил террорист халдлага үйлдсэн гэж буруутгаж байгаа аж.
О.Барс 

 

 

Холбоотой мэдээ