“Союз МС-04” сансрын хөлөг амжилттай хөөрлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dogsom@montsame.mn
2017-04-26 16:07:02
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 20-ны өглөө Оросын “Союз МС-04” сансрын хөлөг “Олон Улсын Сансрын Станци” /ОУСС/-руу Казахстаны “Байконур” сансрын буудлаас амжилттай хөөрлөө.
ОХУ-ын таван удаагийн сансрын нисгэгч Ф.Юрчихин болон НАСА-ийн одон оронч Д.Фишер нарын бүрэлдэхүүнтэй баг “Союз МС-04” хөлгөөр 6 цаг аялан “ОУСС”-д хүрч түүнтэй амжилттай залгагджээ. 
“Союз МС-04” хөлөг нь гурван хүний суудалтай бөгөөд сул нэг суудалд 70 кг-ийн ачаа бэхэлж хөлгийн дотоод тэнцвэрийг хадгалсан хэмээн “Роскосмос” корпорацийн хэвлэлийн албанаас мэдээллээ. 
“ОУСС”-д одоогоор ОХУ-ын сансрын нисгэгч О.Новицкий, АНУ-ын одон орон судлаач П.Уитсон, Т.Пексе нар ажиллаж байгаа бөгөөд “Союз МС-04” сансрын хөлгөөр Дэлхийгээс очсон хоёр сансрын нисгэгчтэй хамтран 136 хоногийн хугацаанд 50 гаруй чухал туршилт хийх үүрэг хүлээгээд буй юм.
Москва хот
Л.Нандинцэцэг
Холбоотой мэдээ