Шинэ Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2017-04-27 09:38:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Словак Улсын Элчин сайд Душан Беллаг Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Элчин сайд Д.Белла машин үйлдвэрлэл, электроник, инженерчлэл, төмөр зам зэрэг Словак Улсад өндөр хөгжсөн аж үйлдвэр, дэд бүтцийн салбарт хамтран ажиллах боломжтойг дурдаад Монгол, Словакын Эдийн засгийн хамтарсан хорооны анхдугаар хуралдааныг энэ онд зохион байгуулах саналаа илэрхийлэв.

Дэд сайд Б.Батцэцэг Словакийн Засгийн газарт Монгол оюутнуудыг тэтгэлэгт хамруулж байгаад нь талархал илэрхийлж, цаашид хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээн идэвхжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлэв.

ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ ШВЕДИЙН ВАНТ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Шведийн Вант Улсын Элчин сайд Анна Линдстэдийг Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд Монгол, Шведийн харилцаа, эдийн засгийн салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Дэд сайд Б.Батцэцэг цөлжилттэй тэмцэх, хуурай уур амьсгалд тохирсон ойн мод үржүүлгийн асуудлаар хамтарсан судалгаа хийх, төсөл хэрэгжүүлэх, Шведэд оршин сууж буй 5000 гаруй Монгол иргэдэд соёл, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахад зориулсан “Соёлын төв”-ийг байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Мөн  албан, дипломат паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх хэлэлцээрийг байгуулах хүсэлтээ бататган илэрхийлэв.

ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ АРДЧИЛСАН БАЛБА УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Балба Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Леэла Мани Паудялыг Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд хоёр орны худалдаа, эдийн засаг, аялал, жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов. Тухайлбал Монголын байгалийн үзэсгэлэнт газрууд, Балбын буддын шашны түүхэн үзмэр газруудыг түшиглэн харилцан аялал, жуулчлалыг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн болон гар урлалын бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тогтов.

ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ БҮГД НАЙРАМДАХ НАМИБИ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны Дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Намиби Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Элия Жиоржи Кайямог Итгэмжлэх Жуух бичгээ барихтай нь холбогдуулан 2017 оны 4 дүгээр сарын 26-нд хүлээн авч уулзлаа.

Дэд сайд Монгол Улсад хавсран суух Элчин сайдаар томилогдон Монгол Улсын Ерөнхийлөгчид ИЖБ барихаар ирсэнд Э.Кайямод баяр хүргэж, манай хоёр орон найрсаг харилцаатай ирснийг тэмдэглэв. Манай хоёр орны хооронд хамтын ажиллагааг боломжит салбарт хөгжүүлэхэд анхаарч ажиллахыг дэд сайд Б.Батцэцэг Элчин сайдаас хүсэв.

Элчин сайд Э.Кайямо Монгол, Намибиийн хооронд харилцааг идэвхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж, юуны өмнө ГХЯ-дын дэд сайдын түвшинд зөвлөлдөх уулзалт зохион байгуулах боломжтойг онцлов. Манай хоёр орон аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах боломжтой гэв.

ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ БҮГД НАЙРАМДАХ ЗАМБИ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны Дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Замби Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Вини Натала Чибэсакундаг Итгэмжлэх Жуух бичгээ барихтай нь холбогдуулан 2017 оны 4 дүгээр сарын 26-нд хүлээн авч уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар, ялангуяа хөдөө аж ахуйн салбарт харилцан туршлага хуваалцах боломжтойг тэмдэглэв.

Мөн Монгол Улсын санаачлагаар хэрэгжиж буй Далайд Гарцгүй Хөгжиж буй орнуудын (ДГХБО) Олон улсын судалгааны төв байгуулах тухай олон талт хэлэлцээрт Замби Улсыг нэгдэн орохыг уриалав. Замби Улс нь НҮБ дахь Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлгийг даргалж байгаа бөгөөд ДГХБО-ын эрх ашгийн төлөө идэвхтэй ажиллаж буй улс юм.

Элчин сайд В.Чибэсакунда Монгол, Замби Улс хооронд өндөр түвшний  харилцан айлчлал хэрэгжүүлэх, зөвлөлдөх уулзалт зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Холбоотой мэдээ