“Өсвөрийн байгаль хамгаалагч” дэд хөтөлбөр хэрэгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Аймгийн ИТХ-ын дэргэдэх “Иргэний танхим”, аймгийн Байгаль орчин, Аялал жуулчлалын газар хамтарч “Өсвөрийн байгаль хамгаалагч” аймгийн дэд хөтөлбөрт иргэдийн саналыг тусгахаар нээлттэй хэлэлцүүлгийг боловсролын салбарынхны дунд зохион байгууллаа.
Аймгийн “Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн дагуу уг дэд хөтөлбөрийг боловсруулж өсвөр залуу үед байгаль орчныг хамгаалж зохистой ашиглахад сургаж шинжлэх ухааны мэдээллийг хүргэх нь уг хөтөлбөрийг гол зорилго юм. Хөтөлбөрийн хүрээнд нэн тэргүүнд Дархан хотын ерөнхий боловсролын хоёр сургуулийг “Эко сургууль” болгохоор зорьж байна. Мөн сургуулиудад “Эко зөвлөл” байгуулах бол ЕБС-иудын ногоон байгууламжийн тоог 50 хувиар нэмэгдүүлж сурагчдын экологийн боловсролыг дээшлүүлэх үр дүнг хүлээж байна. Тиймээс сурагчдыг байгаль хамгаалалд оролцуулах, хээрийн аялал зохион байгуулах, “Өсвөрийн байгаль хамгаалагчдын чуулга уулзалт” хийх зэрэг шат дараалсан ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Үүгээр дамжуулж хүүхэд багачуудыг байгаль дэлхийгээ хайрлан хамгаалагч болгож туршлагаасаа суралцах зарчмаар байгальд ээлтэй, эдийн засгийн хувьд хэмнэлттэй, нийгмийн өмнө хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэхээр зорьж байна гэж аймгийн Байгаль орчин, Аялал жуулчлалын газрын дарга П.Энх-Амгалан ярилаа.
Хэлэлцүүлгийн төгсгөлд Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Боловсрол, Соёл урлагийн газар, Гэр бүл, Хүүхэд залуусын хөгжлийг дэмжих газар хамтарч дэд хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэг байгуулж дахин хэлэлцэхээр тогтлоо.
Хэлэлцүүлгийн төгсгөлд Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Боловсрол, Соёл урлагийн газар, Гэр бүл, Хүүхэд залуусын хөгжлийг дэмжих газар хамтарч дэд хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэг байгуулж дахин хэлэлцэхээр тогтлоо.
Б.Норовсамбуу