К.Кобландин: Монгол бол Казахстанд Элчин сайдын яамаа нээсэн анхны улсуудын нэг

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-04-27 12:15:21
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, БНКазУ хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойд зориулсан түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр ГХЯ-ны Мутрын түшээ танхимд нээлтээ хийв.

1992 оны энэ өдөр дипломат харилцаа тогтоох тусгай протоколд гарын үсэг зурснаас хойш хоёр улс хамтын ажиллагааны 50 гаруй гэрээ хэлэлцээр байгуулжээ. Монгол бол тусгаар тогтносон БНКазУ-д Элчин сайдын яамаа нээсэн анхны улсуудын нэг хэмээн Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.Кобландин үзэсгэлэнгийн нээлтийн үеэр онцлов.

Тэрбээр, “Хоёр орны харилцаа тогтвортой, тууштай хөгжиж байна. НҮБ, ШХАБ-аас эхлээд хоёр орон олон улсын тавцанд ч нягт хамтран ажиллаж байгаа. Тухайлбал, 2016 онд Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтад манай улсын Ерөнхий сайд оролцсон.

Эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн онд Монгол Улсад хоёр орны бизнес форум зохион байгуулсан. Удахгүй манай оронд эрчим хүчний салбарын “Экспо 2017” олон улсын томоохон үзэсгэлэн болно. Үүнд Монголын аж ахуйн нэгж идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байна.

2016 онд Бразилийн нийслэлд болсон олимпод жүдоч Г.Отгонцэцэг манай улсын нэрийн өмнөөс зодоглож хүрэл медаль хүртсэн. Энэ нь Казахстаны бас нэгэн том бахархал юм. Энэ мэтээр хоёр орны аялал жуулчлал, боловсрол, соёл, спортын салбарын харилцаа тууштай хөгжиж байна. Цаашдаа улам бүр өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

Монгол, Казахстаны ард түмэн өнө эртнээс найрсаг харилцаатай байсан нүүдэлчин үндэстнүүд гэдгийг Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг дурьдлаа.

Тэрбээр, “Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх үүднээс энэ онд хэд хэдэн томоохон айлчлал зохион байгуулахаар төлөвлөж байна. Тухайлбал, Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комисс Астана хотод ээлжит хурлаа хийх юм. Мөн УИХ дахь Монгол, Казахстаны парламентын бүлгийн гишүүд манай улсад айлчлана. Эдгээр уулзалт, айлчлалаар өмнө нь байгуулсан томоохон гэрээ, хэлэлцээрүүдийн хэрэгжилт, үр дүнг хэлэлцэж, цаашдаа хэрхэн хамтран ажиллахаа тодорхойлох юм. Өнгөрсөн хугацаанд тогтоосон найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа цаашид улам бүр өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаа” гэв.

Энэ үеэр тус улсад Элчин сайдаар томилогдон ажиллаж байсан Э.Бямбажав, Ш.Гунгаадорж, Х.Аюурзана, Д.Дашням болон Р.Хатанбаатар нарыг БНКазУ-ын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, анхны дипломат Назир Төрекуловын нэрэмжит медалиар шагнав.



Монгол Улсаас Казахстан улсад сууж байсан анхны Элчин сайд Э.Бямбажав, “Казах түмэн Монголчуудад бусад орны иргэдээс илүү хүндэтгэлтэй ханддаг. Тиймээс энэ сайхан харилцаа, итгэлцлийг улам бүр бэхжүүлэх хэрэгтэй. Казахстан улс зах зээлийн нийгэмд шилжиж, улс орноо хэрхэн хөгжилд хөтөлсөн туршлагаас суралцах зүйл бидэнд их бий.

Монгол, Казахстаны хооронд эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд тулгамддаг томоохон асуудал бол гаалийн татвар. Тиймээс Монгол Улс Евроазийн эдийн засгийн холбоонд нэгдэж, татварын асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй. Үүний дараа 21 аймгаа Казахстаны мужуудтай холбож, шууд хамтран ажиллах боломжийг бүрдүүлж өгөх нь чухал. Ингэснээр хоёр орны харилцаа улам бүр батжих болно” гэлээ.

Үзэсгэлэнгийн нээлтэд УИХ-ын гишүүн асан, академич А.Бакей, Дашчойлон хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав болон БНХАУ, БНТУ зэрэг орны Элчин сайдууд оролцов.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ