Дэвид Кэмерон дурсамжаа цэцэрлэгийн фургон дотор бичнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-05-01 11:42:44

МОСКВА./TASS/.Их Британийн Ерөнхий сайд асан Дэвид Кэмерон дурсамжаа бичихийн тулд цэцэрлэгт хүрээлэнгийн фургон худалдаж авчээ. Энэ тухай тэрбээр BBC-д ярилцлага өгөхдөө хэллээ.

Д.Кэмерон уг зөөврийн тэргийг 25 мянган фунтээр /36 мянган доллар/ худалдаж авчээ.

Энэ фургон нь дотроо мод түлдэг пийшин, ор болдог дивантай ба фургоны дотоод заслыг нь Кэмероны эхнэр Саманта хийжээ. Д.Камерон хадам ээжийнхээ фургонтой адилхан фургон байхыг хараад түүнийг худалдаж авахаар шийдсэн аж.

“Манай хүүхдүүд фургоныг тоглоомын байшин болгохыг хүссэн. Харин би номоо бичих ажлын өрөөтэй болохыг хүсч байсан бол миний хүү дахин нэг унтлагын өрөөтэй болохыг мөрөөддөг байсан” хэмээн улс төрч ярьжээ. BBC-гийн мэдээлснээр, Ерөнхий сайд асны дурсамжийн номыг ирэх онд хэвлэхээр төлөвлөж байгаа аж.

Д.Кэмерон 2005 оноос Консерватив намын даргын албан тушаалд ажиллаж байгаад 2010 онд Их Британийн Ерөнхий сайд болжээ. 2016 онд тус улсад болсон бүх нийтийн санал асуулгын дүнгээр британичуудын 52 хувь нь Европын Холбооноос гарахын төлөө саналаа өгснөөр Д.Кэмерон огцорсон билээ. Учир нь, тэрбээр тус улсыг Европын Холбоонд хэвээр үлдээхийн төлөө байсан юм. 
О.Барс 

 

Холбоотой мэдээ