Замын-Үүдэд “Нөөлөг” хэмээх хүчтэй салхи дэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-05-01 19:58:44
Дорноговь /МОНЦАМЭ/. Өнөөдөр буюу тавдугаар сарын 01-ний үдээс хойш Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хүчтэй салхи хөдөлж агаарт маш их тоосжилт, шороо үүсгэсэн байна.
Энэ талаар Замын-Үүд сумын цаг уурын техникч С.Адьяасүрэнгээс тодруулахад, “Замын-Үүд суманд тавдугаар сарын 01-ний үдээс хойш 16.42 минутаас 17 цаг 46 минут хүртэл нэг цаг 04 минутын хугацаанд хүчтэй салхи салхиллаа. Салхины хурд  10 минутын дунджаар үзэхэд секундэд 14 метр хүрсэн.
Харин цаг уурын мэргэжилтнүүдийн  хэлж заншсан  “Нөөлөг” буюу хүчтэй салхи үе үе  хөдөлж зарим үед секундэд 8 метр хүрсэн. Энэ бол богино хугацаанд  маш хурдтай үүсээд эргээд тогтдог салхийг хэлдэг.  Газрын гадарга дээр байгаа сул тоосыг хүчтэй салхи дээш нь хөөргөөд босгоод ирдэг үзэгдэл.
Салхины хурд секундэд 15 метр хүрсэн тохиолдолд гамшигт үзэгдлийн хэмжээнд авч үздэг. Гэхдээ  хүчтэй салхи, аюулт үзэгдлээс  болж ямар нэгэн гамшиг, осол болсон гэх мэдээлэл бидэнд ирээгүй. Одоо  19 цаг 50 минут болж байна.Салхины хурд тогтворжиж  секундэд найман метр байна” гэв.
Дашрам дурдахад Замын-Үүд суманд элсний нүүдэл, цөлжилтөөс шалтгаалж үе үе хүчтэй шороон шуурга шуурдаг байна.  
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ