Баруун бүсийн бизнес эрхлэгчдэд зориулсан уулзалт Ховд аймагт болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-05-05 09:28:10
Ховд/МОНЦАМЭ/Монголын  Үндэсний  Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Азийн Хөгжлийн Банкны “Монголын Баруун бүс  нутагт нэмүү өртөгийг  бий болгох, үйл ажиллагааг дэмжих”  техник  туслалцааны  төслийн  хүрээнд  Орон нутгийн бизнес  эрхлэгчдэд  зориулсан  Баруун  бүсийн  эдийн засгийг сэргээх, бизнесийг  хэрхэн  өргөтгөх,   хөгжүүлэх   талаар  мэдээлэл  солилцох  зорилготой  гурван өдрийн  “Бизнесс  санаачлагыг  дэмжих  хөтөлбөр”-ийг   Ховд  аймагт   05 сарын 04-нөөс  06-ны  өдрүүдэд  хэрэгжүүлэн  ажиллаж  байна.
“Бизнесс  санаачлагыг  дэмжих  хөтөлбөр”-ийн  үндсэн  арга  хэмжээ нь  “Эдийн засаг, бизнес  дэх сорилтууд” сэдэвт  хэлэлцүүлэг,  Залуучуудад  зориулсан  бизнес  зөвлөмж,  сайн туршлагыг  түгээсэн  сургалтуудаар   аймгийн  ЗДТГ-ын  Хурлын  зааланд  өрнөсөн юм.
Баруун  бүсийн  эдийн  засгийг  сэргээх  зорилготой  тус  хөтөлбөр,  арга  хэмжээнд  Монголын  Үндэсний  Худалдаа  Аж  Үйлдвэрийн  танхимын  гадаад болон  дотоодын  эдийн засаг, санхүү, бизнесийн тэргүүлэх   зөвлөх   5  хүн  оролцож   Бизнес  зөвлөгөө,  гадаадын  орнуудын бизнесийг  өргөтгөх,  эдийн  засгийг  хөгжүүлэх   сайн  туршлагуудын   талаар шинэ  мэдээллийг   Баян-Өлгий,  Ховд,  Увс  аймгийн  бизнес  эрхлэгчидтэй   хуваалцсан юм.   Үүнээс  гадна  Бизнесийн орчинг  хэрхэн сайжруулах,  Төр  болон Хувийн хэвшлийн байгууллагын  хамтын ажиллагаа,  цаашид гарах  үр дүн, бизнесийг  хэрхэн  загварчлах,  нэмүү  өртөг  бий болгох  ямар боломж  oрон нутагт  байгаа талаар  харилцан санал  солилцсон байна. 
“Бизнесс  санаачлагыг  дэмжих  хөтөлбөр”   нь  “Bizness Breаk fast”  буюу  ажил хэрэгч  өглөөний цай  уулзалтаар эхэллээ.  Уг  уулзалтанд  aймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх  болон  удирдах  ажилтнууд  оролцсон бөгөөд  xувийн  хэвшлийн  60 гаруй байгууллагын  төлөөлөл,  бизнес  эрхлэгч  оролцож  санал бодлоо  чөлөөтэй  илэрхийлсэн юм .  
Уулзалтаар  “Удирдах ажилтанууд  гадаадын оронд эдийн засгийн айлчлал хийхдээ Хувийн хэвшлийн  төлөөллийг   оролцуулах”, “Орон нутгийн нэрийн бүтээгдэхүүнийг  сурталчилж,  албан ёсны  үйл ажиллагаанд  худалдан авалтыг  дэмжих”, “Жижиг дунд үйлдвэрлэлийг  дэмжих  Зээлийн сангийн  зээл сонгон шалгаруулах  комиссийн гишүүдийг  сонгохдоо  төр болон  хувийн хэвшлийн  төлөөлөл  оролцуулан  тэнцвэртэй болгох”,  “Аймгийн  тэргүүлэх  чиглэлийг  тодорхойлохдоо  Хувийн хэвшлийн саналыг  авч  оруулах”,  “Төр  хувийн хэвшил  тогтвортой  хамтран  ажиллахад  бизнес  эрхлэгчдийн  оролцоог нэмэгдүүлэх”  гэх мэт   зургаан  саналыг   тусган  ажиллах  шийдвэр,  үр дүн гарлаа
А.Бямбасүрэн

 
Холбоотой мэдээ