Төрийн албан хаагчдад тулгамдаж буй асуудлыг багахан ч гэсэн шийднэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-05-05 20:48:53
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд төрийн албан хаагчдад тулгамдаж буй асуудлыг багахан ч гэсэн шийдэх зорилгоор “Аймаг хөгжүүлэх сан”-аас тэдэнд хүүгүй, урьдчилгаагүй, богино хугацаатай орон сууц худалдан авах зээлийн дэмжлэг үзүүлэх боломж байгааг судлан үзэж “аймаг хөгжүүлэх сан”-ийн журманд өөрчлөлт оруулахаар боллоо.
Өнөөдөр буюу 5-р сарын 5-ны баасан гарагт Сэлэнгэ аймгийн ИТХ-ын 5-р хуралдаан аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд боллоо. Тус хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын нэг нь аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ёндонжамцын “Аймаг хөгжүүлэх сангийн журам”-д өөрчлөлт оруулах тухай асуудал байлаа.
2009 онд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор байгуулагдсан эл сан 2009-2012 онд 276 иргэн, ААН-д 5 тэрбум төрөгийг хүүгүй 3 жилийн хугацаатай олгосноос 145 иргэн, ААН-ийн 3 тэрбум гаруй төгрөгийн зээл төлөгдөж, 131 иргэн, ААН-ийн нэг тэрбум гаруй төгрөгийн зээл буюу 38 хувь нь хугацаа хэтрэлттэй төлөгдөөгүй аж. Мөн 2013-2016 онд тус сангаас залуу гэр бүлд зориулсан орон сууц барих ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор 5 ААН-д 2 тэрбум гаруй төгрөгийн зээлийг хүүгүй, нэг жилийн хугацаатай олгосноос 4 аж ахуйн нэгжийн тэрбум гаруй төгрөгийн зээл хугацаа хэтэрсэн одоогоор төлөгдөөгүй ажээ.  
Дээрх зээлийг төлүүлэх зорилгоор хугацаа хэтрэлттэй байгаа иргэдийн судалгааг гаргаж, зээлийг төлүүлэх үүднээс иргэдтэй биечлэн уулзах, аймгийн Засаг дарга болон Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан мэдэгдэл өгөх, мөн харъяа шүүхүүдэд өгөх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өгөх зэрэг шат дараалсан арга хэмжээг авчээ. 2013-2017 онуудад нийт 97 иргэн, ААН-ийг харъяаллын дагуу шүүхэд шилжүүлснээс 21 иргэн зээлээ бүрэн хааж, 29 иргэнийг ШШГА-д шилжүүлжээ. Иймээс энэ байдалд дүгнэл хийж, бодитой, үр өгөөжтэй зүйлд зарцуулах зорилгоор “Аймаг хөгжүүлэх сан”-гийн хөрөнгийг  бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журманд өөрчлөлт оруулах асуудлыг аймгийн ИТХ-ын ээлжит 5-р хуралдаанаар хэлэлцүүлэн, төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжигдлээ.    
Уг сангийн журманд өөрчлөлт оруулах болсон шалтгаан нь Сэлэнгэ аймгийн сум, тосгодод төрийн алба хашиж буй төрийн албан хаагчид тохилог орон сууцаар хангагдаж, тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтүүдийг орон нутгийн удирдлагууддаа байнга тавьсаар ирсэнтэй холбоотой юм. Энэхүү эрэлт хэрэгцээнд үндэслэн Сэлэнгэ аймгийн ОБГ, Цагдаагийн газар, эмнэлэг, сургууль гэх мэт 600 гаруй албан хаагчдын дунд явуулсан судалгаагаар хөлсний хашаа, байшин дамжин, хажуу өрөө хөлсөлдөг, өөрийн гэх байр сууцгүй, ах дүү, танил нөхдийндөө амьдардаг гэх нийгмийн тулгамдсан асуудлыг шийдэж, тогтвор суурьшилтай ажиллуулах, чадварлаг боловсон хүчнээ авч үлдэхийн тулд тэдэнд зайлшгүй дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгаа. Шинэ баригдаж буй орон сууцнууд үнэ өндөр байгаагаас төрийн албан хаагчид тэр бүр тохилог орон сууцаа худалдан авах боломжгүй байдаг. Түүнчлэн банкнаас олгож байгаа ипотекийн зээл хүртээмж муутай, талбайн хэмжээ том учир өртөг ихтэй, төрийн албан хаагчдын хамрах хүрээ бага, урьдчилгаа болон хүү өндөр, эргэн төлөлт удаан хугацаатай байгаа нь төрийн албан хаагчдад хүндээр тусч байгаа билээ. Аймаг хөгжүүлэх сангаас залуу гэр бүлд зориулсан орон сууцанд хөрөнгийн дэмжлэг үзүүлээд 3 жил болж байгаа бөгөөд манайхаас дэмжлэг авсан барилгын компаниуд барьсан байрнаасаа гэрээнд заасан үүргийнхээ дагуу зах зээлийн үнэнээс хямд үнээр төрийн албан хаагчдад борлуулах хүсэлтийг байнга тавьж байдаг байна. Тухайлбал “Сэлэнгэ-25” төслийн хүрээнд баригдсан Шаамар, Цагааннуур, Баянгол, Ерөө сумдад баригдсан 56 айлын орон сууц, Алтанбулаг суманд баригдаж буй 12 айлын орон сууцны цогцолбор зэрэг 306 гаруй айлын орон сууц, шинэ бүтээн байгуулалтанд хөрөнгийн дэмжлэг үзүүлсэн боловч үүнийг дагаад залуу гэр бүл, төрийн албан хаагчдад зориулсан орон сууцны зээлийн дэмжлэг үзүүлэх шаардлага үүсээд байгаа ажээ.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ