Сурагч солилцооны хөтөлбөр, нэвтрүүлгийг Бууцагаан сумаас бэлтгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-05-08 16:21:01

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын "Буянт-Эрдэм" ахлах сургуулийн долдугаар ангийн сурагч Г.Алимансаран Ховд аймгийн Зэрэг сумын дунд сургуульд, Ховд аймгийн Зэрэг сумын дунд сургуулийн зургадугаар ангийн сурагч н.Маргад Баянхонгор аймгийн Бууцагаан сумын ахлах сургуульд 10 хоногийн турш суралцахаар боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор МҮОНТ-ээс зохион байгуулж буй сурагч солилцооны хөтөлбөр, телевизийн нэвтрүүлгийн төгсгөлийн дугаарт ийнхүү Баянхонгор, Ховд нутгийн сурагчид оролцож байна. Улирагч амралтын өдөр МҮОНТ-ийн нэвтрүүлгийн баг сурагч н.Маргадын хамтаар Баянхонгор аймагт ирсэн бөгөөд тэднийг аймгийн Засаг даргын зөвлөх Ц.Энхтөр, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Л.Баясгалангомбо, хүүхдийн Тэмүжин театрын хамт олон угтан авч, Баянхонгор хоттой танилцуулав. 

Ховд аймгийн сурагчийг аймгийн хүүхдийн Тэмүжин театрын хамт олон урлагийн тоглолтоор угтсан бол өнөөдөр Баянхонгор аймгийн бахархал болсон Шаргалжуут рашаан сувилалтай танилцаж байгаа юм. Тэрээр өнөөдөр өөрийн сурах Бууцагаан сумыг зорино. Нэвтрүүлэг удахгүй үзэгчдийн хүртээл болох аж. 

                                                                                                                          Б.Мөнхзул

Холбоотой мэдээ