Физикийн улсын 31 дүгээр олимпиад Сүхбаатар аймагт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2017-05-09 17:05:56
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг өөрийн нутгаас төрөн гарсан физикчдийн тоогоороо  улсад хоёрт, дэлхийд 17-т бичигддэг. Гэтэл энэ нутагт физикийн улсын олимпиад нэг ч удаа зохион байгуулагдаж байгаагүй юм байна. Тиймээс Баруун-Урт сумын хоёрдугаар бүрэн дунд сургуулийн санаачлагаар ирэх жил физикийн улсын 31 дүгээр олимпиад Баруун-Урт хотод болохоор шийдвэрлэгджээ. 
“Бид 2015 онд зүүн бүсийн физикийн 18-р олимпиадыг маш амжилттай зохион байгуулcан. Тус олимпиадад дөрвөн аймгийн 242 сурагч, 44 багш оролцож байсан. Харин улсын олимпиадын хувьд үүнээс бага хүн буюу дээд тал нь 200 хүн цуглах болно. Тиймээс бид зохион байгуулалтын тал дээр санаа зовохгүй байгаа. Хамгийн гол нь энэ том олимпиадыг орон нутагтаа зохион байгуулна гэдэг ихэхэн ач холбогдолтой. Үнэндээ Сүхбаатар аймгийн багш сурагчдын физикийн мэдлэг, ур чадвар бусад аймгаас муу. Манайд улсын олимпиадаас медаль авч байсан удаа байхгүй. Гэтэл бидэнд манай улсын урдаа барьдаг шилдэг физикчид нь энэ нутгийнх гэдэг маш том давуу тал байгаа юм. Бид үүнийг ашиглах хэрэгтэй. Олимпиад зохион байгуулагдсанаар наад зах нь би сургуулийнхаа багш сурагчдыг тэдгээр шилдэг физикчидтэй танилцуулж, сургалт авах бүрэн боломжтой. Цаашлаад аймгийн багш нар маань эдгээр хүмүүсээ мэддэг болно гэдэг өөрөө маш чухал. Бид энэ удаагийн ажлыг олимпиад гэдэг талаас нь бус хөгжлийн гарц гэдэг талаас нь мөн харж байгаа. Орон нутагт нь физикийн олимпиад бусад арга хэмжээнүүд болохоор хүүхдүүдийн физикт хандах хандлага, сонирхох байдал өөр болдог. Манай аймагт бүхий л салбарт нарийн мэргэжлийн инженерүүд дутагддаг шүү дээ. Тэгвэл магадгүй энэ олимпиадын үеэр ирээдүйн шилдэг инженерүүд төрөн гарахыг үгүйсгэхгүй. Бид зохион байгулалтын ажлаа одооноос бэлтгэж эхлээд байна...” хэмээн хоёрдугаар БДС-ийн захирал Р. Батчулуун хэллээ. 
Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич Р. Тогоо, ШУА физик технологийн хүрээлэнгийн хатуу биеийн физикийн лабораторийн эрхлэгч, доктор Ш.Чадраабал, Монгол Улсын гаъяат багш Д.Доржготов, МУИС-ийн шинжлэх ухааны сургуулийн зөвлөх профессор, доктор С.Дамдинсүрэн, физикийн шинжлэх ухааны доктор Ц.Баатарчулуун гээд Сүхбаатар аймгаас төрөн гарсан физикчид олон бий. 
Т. Одончимэг 
 
Холбоотой мэдээ