Дорноговийн шагайчид аваргаа тодруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-05-09 22:10:16
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Шагайн холбооноос 2017 оны аймгийн аварга шалгаруулах шагайн харвааны тэмцээнийг энэ сарын 20-ноос 21-нд Сайншанд хотод зохион байгуулахаар төлөвлөв. Аймгийн цол олгодог дээрх тэмцээн  нь багийн болон цуваа буюу ганцаарчилсан төрлөөр явагдах аж.
Эхний гурван байрт шалгарсан багийг медаль, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнах бол цуваа харваанд шалгарсан харваачид  мөн л медаль, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулна. Тэмцээнд шалгарч амжилт үзүүлсэн баг тамирчид удахгүй болох шагайн харвааны улсын аварга шалгаруулах тэмцээнд  оролцох эрхээ өвөртлөх юм. Багийн  гишүүд үндэсний иж бүрэн хувцсаар жигдрэх бөгөөд  согтууруулах ундааг  хэрэглэсэн тохиолдолд тэмцээнээс хасах, утсаар бүртгэхгүй байх  журмыг удирдамждаа тусгажээ.
Дашрамд дурдахад сүүлийн жилүүдэд Дорноговь аймагт шагайн харваа ихэд дэлгэрч сум бүрт шагай харвадаг хүмүүс нэмэгдсэнээс гадна уламжлал болгон зохион байгуулдаг тэмцээний тоо өссөн байна. Шагай харваж байгаа хүн өөрөөсөө арваад метрт байгаа бугын ясан хасааг ганц хуруугаараа няслан онодог. Энэ даалгавар нь тухайн хүнийг орон зайгаа зөв тооцоолж сурахад их нөлөөлдөг аж.  
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ