Мэргэжлийн уралдааныг Увс аймгийнхан өнгөллөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-05-10 14:00:29

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Политехникийн коллежоос баруун болон хангайн бүсийн зарим сургуулиудыг хамруулсан “Цахилгааны ур чадвар”-ын томоохон уралдааныг орон нутагтаа зохион явууллаа. 

Уралдаанд Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Завхан, Увс, Архангай, Өвөрхангай аймгийн МСҮТ болон Политехникийн коллежид цахилгааны мэргэжлийн чиглэлээр суралцдаг оюутан, сурагчид багш нар оролцсон. Ийнхүү уралдааны эцсийн дүнгээр Багш нарын төрлийн Тэргүүн байрт Э.Ариунболд /Ховд аймаг дахь Хөгжил ПТК/ шалгарсан бол З.Дүмбэн /Увс аймаг дахь Улаангом ПТК/, Д.Чинзориг /Увс аймаг дахь Улаангом ПТК/ нар удаалав. Харин суралцагчдын төрөлд С.Цэцэнхүү /Увс аймаг дахь Улаангом ПТК/ бусдыгаа хошуучилж, Ц.Лхагвадорж /Завхан аймаг дахь ПТК/, З.Отгонхүү /Өвөрхангай МСҮТ/ тус тус эхний байруудад шалгарчээ.              
Тус уралдааныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ / Герман, Швейцарь, Австрали Улсын Засгийн газрын санхүүжилтээр хамтран хэрэгжүүлж буй “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол сургалт” төслөөс дэмжин явуулсан байна.

Мэргэжлийн боловсролыг олон нийтэд сурталчлан таниулах, харилцан туршлага солилцох, орчин үеийн дэвшилтэт технологиос суралцах, хамтарч хөгжих, хөгжлийн зөвлөхөөс туршлага судлах, ур чадвараараа өрсөлдөх, хамтын ажиллагааг сайжруулах зорилготой тус уралдаан цаашид уламжлал болон зохиогдох аж.

                                                                                                                          Б.Мөнхзул

Холбоотой мэдээ