Хүн өөрөө хичээж байж амжилтад хүрдэг гэж захив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-05-17 22:46:17
Хөвсгөл /МОНЦАМЭ/ УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан  орон нутагт ажиллах үеэр Мөрөн сумын ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчидтай уулзаж ярилцлаа.
Тэрээр, өнөөдөр сурагчид мэдээллийн асар өргөн орчин, өөрийгөө хөгжүүлэх боломж, боловсролын зээлийн санд хамрагдах нөхцөл нь нээлттэй байна. Хүүхэд бүр өмнөө зорилго тавин өөрөө хичээж чадвал амжилтанд хүрнэ гэдгийг зөвлөж байлаа.
Хүүхдүүд бүгд их дээд сургуульд суралцах хүсэл зорилготой. Гэвч хүссэн мэргэжлийн хуваарь цөөн ирдэг, сургалтын төлбөрийн тухайд эмээ, өвөө, аав, ээж нь цалин тэтгэврийн зээлийн дарамтанд ордог учраас зарим хүүхдүүд мэргэжлээ сонгоогүй байдаг. Мөн  боловсролын зээлийн санд хамрагдах мэдээлэл байхгүй гээд олон бэрхшээлтэй тулдаг. Дээд мэргэжилтэй ч ажилгүй нэгэн болох бус МСҮТ төгсөөд сайн мэргэжилтэй, өндөр цалинтай ажиллах боломж бий гэдгийг бодолцох ёстой гээд өнөөдрөөс эхлэн өмнөө зорилготой ирээдүйд итгэлтэй алхахыг захиж, зөвлөж  байлаа.
Хүүхэд бүрийн өмнө тулгардаг асуудлуудад хариулт өгөх зорилгоор “Оюунлаг дүү нартаа хүргэх зөвлөгөө” нэртэй номыг эмхтгэн энэ жил 5 дахь жилдээ сурагчдад хүргүүлж байгаа гээд уулзалтанд ирсэн хүүхдүүдэд номын дээжээс гардуулан өглөө. Тус аймгийн хэмжээнд  1882 хүүхэд 12 дугаар анги төгсөж байгаа аж.
Б.Гантуяа
 
 
Холбоотой мэдээ