Засгийн газрын шийдвэрийг хүлээхээр болов

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-10-28 14:07:23

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар ирэх оны төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхээр байв.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, "Энэ оны төсвийн тодотгол болон ирэх оны төсвийн тухай хуулийн хамт өргөн мэдүүлсэн зарим хуулийн төслөө Засгийн газар татан авсан гэж сонслоо. Яамдын тоог цөөрүүлэхээр оруулж ирсэн төслөө татан авсан юм бол ирэх оны төсвийн хуулийн төсөлд өөрчлөлт орж таарна. Тэгэхээр Засгийн газар яаралтай хуралдаж энэ асуудлаа шийдтэл асуудлыг хэлэлцэхийг түр хойшлуулах нь зүйтэй" гэсэн горимын санал гаргасан.

Түүнчлэн хэлэлцэхээр төлөвлөөд байсан хоёр дахь асуудал болох 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулийн төслүүд, Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг ч хойшлуулах нь зүйтэй хэмээн горимын саналдаа дурдсан юм.

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, "Ирэх оны төсвийн тухай хуулийн төслийг ирэх долоо хоногт хэлэлцье" гээд энэ оны төсвийн тодотголыг эхлээд хэлэлцэн батлах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Ингээд ирэх оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хойшлуулах горимын саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь дэмжлээ.

Б.Туул

Холбоотой мэдээ