Хаягийн бүртгэл алдаатай айл өрхийг цэгцлэх шаардлагатай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-10-28 18:25:37

Дорнод аймгийн Хэрлэн сумын ИТХ-ын ажлын албанаас өчигдөр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн тасагтай хамтран “Хаягийн бүртгэлийг алдаагүй болгох” сэдэвт уулзалт ярилцлагыг зохион байгууллаа.

Уулзалт ярилцлагад 10 багийн ИНХ-ын дарга, Засаг дарга нар, оролцож улсын бүртгэлийн нэгдсэн санд хаягийн бүртгэл нь алдаатай байгаа айл өрхийн асуудлыг хэлэлцэв. Улсын бүртгэлийн хэлтсийн нэгдсэн санд айл өрхүүд байр хороолол, гэр хороолол, хөдөө гэсэн гурван төрөлд хуваагдан байршдаг юм байна. Гэтэл манай улсад гэр хороололд нийтийн болон хувийн орон сууц байх нь элбэг бөгөөд улсын бүртгэлийн нэгдсэн санд орон сууцны байшин гэдгээр нь бүртгэх үү? гэр хорооллын эгнээ гудамжаар бүртгэх үү гэдэг дээр асуудал үүсдэг байна. Жишээ нь Хэрлэн сумын нэгдүгээр багт гэхэд гурилын ягаан байр, гуравдугаар багт ахмадын байр, 10 дугаар багт хар байшин гэх мэт байшинг улсын бүртгэлийн нэгдсэн санд гэр хорооллын байр гэдгээр бүртгэхээр тоот нь давхарддаг, гудамжаар нэрлэж болохгүй байдаг аж. Түүнчлэн улсын бүртгэлийн нэгдсэн санд айл өрхийг бүртгэхдээ хуулийн дагуу сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээс гарсан эгнээ гудамжийг нэрлэсэн тогтоол, байр орон сууцанд өгсөн сумын Засаг даргын захирамж зайлшгүй байх шаардлагатай байдаг байна.

Энэ улсын бүртгэлийн нэгдсэн санд хаягийн бүртгэлийн алдаатай буюу бүртгэл байхгүй айл өрхийн иргэд аль ч шатны сонгуульд хаягийн бүртгэл нь алдаатай улмаас сонгууль өгөх эрхгүй болох эрсдэлтэй байна. Тиймээс баг болгонд хаягийн бүртгэлийн нэгдсэн санд бүртгэлгүй болон бүртгэлийн алдаатай айл өрхийг цэгцлэх нэгдсэн нэг ойлголтод хүрэх үүднээс тус уулзалт ярилцлагыг сумын ИТХ-ын ажлын албанаас зохион байгууллаа. Хэрлэн суманд улсын бүртгэлийн нэгдсэн санд бүртгэлтэй 1767 хаяг байдаг бөгөөд ирэх жилийн УИХ-ын сонгуулиас өмнө цэгцэлж дуусна гэдгийг аймгийн УБХ-ын Иргэний бүртгэлийн тасгийн дарга М.Мөнхтуул хэлж байв.

Б.Туяа

Холбоотой мэдээ