Гвинейд “Эбола”-гийн халдвар авагсдын тоо ес болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
jargal@montsame.mn
2015-10-29 10:46:41

МОСКВА. /RIA Novosti/. Гвинейд “Эбола” вирусийн халдвар авсан хүмүүсийн тоо ес болж нэмэгдсэн тухай Ройтерс агентлаг тус улсын Эрүүл мэндийн яамны төлөөлөгчийн мэдээллийг иш татан уламжилжээ.

“Эбола”-гийн халдвар авсан сүүлийн гурван тохиолдол Гвиней улсын баруун нутагт оршдог Форекария хотод бүртгэгдсэн байна. Тус хотын вирусийн халдвартай тэмцэх байгууллагын төлөөлөгч Фоде Тасс Силлагийн хэлснээр, халдвар авсан хүмүүс урьд нь “Эбола”-гийн халдвар авсны улмаас нас барсан нэгэн эмэгтэйн гэр бүлийн гишүүд аж.

“Хотын эмчилгээний төвүүдэд нийтдээ есөн хүн эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд тэдний дийлэнх нь нас барсан эмэгтэйтэй хавьтсан байсан” гэж тэрбээр мэдээлжээ.

Гвинейд халдварын шинэ тохиолдол бүртгэгдэлгүй хоёр долоо хоног өнгөрсний дараа гурван хүнд “Эбола” илэрсэн тухай урьд нь мэдээлсэн билээ.

Сүүлийн өвчтөн эдгэрснийг лабораторын хоёр ч шинжилгээгээр нотолсноос хойш 42 хоног өнгөрсний дараа Гвинейд үхлийн аюултай уг вирусийн халдварын тархалтыг дарж чадсаныг мэдэгдэх ёстой юм.

Д.Жаргал

Холбоотой мэдээ