Б.Чойжилсүрэн: Ядуурлыг бууруулахын тулд ажлын байрыг олноор бий болгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-05-30 14:55:32
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 
 
Энэ үеэр тус байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар ирэх онд төмөр зам тавих тухайд ажил хэр урагштай байгааг, УИХ-ын гишүүн Ч.Улаан Сайншанд-Хөөт чиглэлийн төмөр зам барих шороон овоолгын асуудал ямар шатандаа явааг болон дээрх асуудалд хариуцлага алдсан албан тушаалтнуудад өнөө хэр хариуцлага тооцоогүй байгаагийн шалтгааныг тодруулав. Түүнчлэн үндсэн чиглэлийн төсөлд туссан бусад төмөр замын суурь бүтэц барих ажлын зураг төслүүд бэлэн эсэхийг лавласан юм.   
 
Дээрх асуултад Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, “Тавантолгой-Гашуун сухайтын төмөр зам Хятадын талтай хилийн ямар цэгээр огтлолцох асуудал шийдэгдээгүй. Монгол Улсын хувьд хилийн 700 дахь баганын цэгээр огтлолцохоор байна. Ингэснээр 100 сая ам.долларын хэмнэлт гарна гэсэн тооцоо бий.  Бусад Бичигт-Хөөт, Нарийн сухайт-Шивээ хүрэн, Зүүнбаян-Ханги,  Эрдэнэт-Овоотын 3 дугаар үе шатны төмөр зам, Мандал-Багахангай чиглэлийн Богдхан төмөр замын суурь бүтэц барих төслийг эхлүүлэхээр төлөвлөж байгаа, зураг төсөл нь бэлэн. Өмнө нь төмөр зам барих асуудалд алдаа гаргасан албан тушаалтнуудад хариуцлага  тооцох асуудлыг ярилцаж байна" гэсэн хариултыг өгөв.
 
Харин 2018 онд томоохон төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөж амжих эсэх тухай гишүүдийн асуултад Сангийн сайд Б.Чойжилсүрэн, "Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Тавантолгой, Гацуурт, Багахангайн дулааны цахилгаан станцын төслүүдийг эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад байна. Ядуурлыг бууруулахын тулд ажлын байрыг олноор бий болгох чиглэлээр ажиллаж байна. Улсын хэмжээнд нийгмийн даатгал төлөх нэг сая 750 мянган хүн байгаа ч үүний 950 мянга нь нийгмийн даатгал төлдөг. Энэ тоог нэмэгдүүлэх зорилтыг тавьж ажиллаж байна" гэсэн тайлбарыг хийлээ.
Б.Туул
Холбоотой мэдээ