Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацаас 79 сая ам.долларын зээл олгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаас Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлав.
Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай 2013-2017 онуудад хамтран ажиллах стратегийн баримт бичгийн хүрээнд тус банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай энэ онд хамтран ажиллах Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг өнгөрөгч хоёрдугаар сарын 24-нд байгуулсан.
Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацаас Монгол Улсад 2015-2017 онд хуваарилсан 79 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг олгох юм.
Хөтөлбөрийн санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк хоорондын хамтын ажиллагааны стратегийн баримт бичигт тусгасан хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн дагуу ажил эрхлэлтийг дэмжих, макро эдийн засаг, төсөв, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх, эрчим хүчний түгээх чадавхийг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчээр баруун бүсийн эрчим хүчний хэрэгцээг хангах зэрэг төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.
Б.Туул