Үйлчилгээний үнийг нэмсэн шалтгаанаа хэрэглэгчиддээ тайлбарлахыг сануулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-06-01 09:59:31
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал “Агаарын суваг”, “Сансар”, “Хийморь” кабелийн телевизийн удирдлагуудтай уулзлаа. Учир нь Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авдаг 7035-3511 утсанд дээрх кабелийн телевизүүд шалтгаангүйгээр үнээ нэмсэн, телевизийн гаралт муу байгаа талаар гомдол ирсэн юм. Үүний дагуу дээрх уулзалтыг хийжээ.
Кабелийн телевизийн удирдлагууд хэлэхдээ, “Харилцаа холбооны зохицуулах газраас кабелийн телевизүүдийг  тоон системд шилжихийг  шаардсан. Үүний дагуу Агаарын суваг, Сансар кабелийн телевиз шинэ давтамжид тохируулах үүднээс тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж өндөр чадлын станцыг Баян-Өндөр ууланд байгуулсан. Гэтэл эдгээр компанийн долгионых нь хэд хэдэн давтамжийг холбогдох байгууллага “4G LTE” үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудад олгосонд сэтгэл дундуур байна” гэлээ. Түүнчлэн “Сансар” кабелийн телевиз өөрийн сувгаар гаргаж буй телевизүүдийнхээ дохиог нийслэлээс шилэн кабелиар хүлээн авдаг бөгөөд зам, газар шорооны ажил хийж буй байгууллага, иргэд  шилэн кабель тасдаж гэмтээснээс  болж эфир тасалддаг гэж тайлбарлалаа. Мөн шилэн кабелийн түрээсийн төлбөр нэмэгдсэн тул хураамж нэмэгдсэн гэлээ. Иймд Засаг даргын орлогч С.Батжаргал хэлэхдээ, “Тоног төхөөрөмжид хөрөнгө оруулах  нь хэрэглэгчдийн биш бизнесийн байгууллагуудын асуудал. Үнэ нэмэх, тодорхой шалтгаанаар тасалдах зэргийгээ хэрэглэгчиддээ ойлгуулах хэрэгтэй. Үүсээд байгаа асуудал бол хэрэглэгчдийг мэдээллээр хангах, ойлголцолд хүрч чадаагүй байдлаас үүдэж байна. Тиймээс гомдол гаргасан иргэдэд үнэ нэмсэн, тасалдсан шалтгаанаа тайлбарлах хэрэгтэй ” гэлээ.
Б.Оюун-Эрдэнэ 
Холбоотой мэдээ