Л. Насанбат: "Тэнгэр буурал аавдаа тэнцүүлж дуугарах эгшиг олъё” гэж 25 жил аавдаа хэлж чадаагүй үгийг шүлэгт буулгасан байсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
ariunzaya@montsame.mn
2017-06-07 10:48:02
Зууны шилдэг роман “Тунгалаг тамир”-ын зохиолч Ч.Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Түүний охин УГЗ, Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурын багш Л.Насанбаттай хөөрөлдлөө. “Аавын минь мэндэлсний ой болж хүмүүс хөдөлгөөнд орчихоод байна.  Сумын золголт, аймгийн золголт, Говь-Алтайн форумд оролцлоо” хэмээсээр бидний яриа өрнөлөө.
 
-Золголт гэснээс, танайд цагаан сараар олон хүн ирдэг үү?

-Үгүй. Ээжийг байхад урлагийнхан олуул ирдэг байлаа. Одоо бол оюутнууд маань ирнэ. Гэхдээ 50-аад жил багшилсан болохоор цөөнгүй шавьтай болжээ.

- “Орчлонгийн сайхан хүүхнүүд” таны дуу юм байна.Нууцгүй хэлэхэд, энэ дууг эрэгтэй хүний сэтгэлд буусан аялгуу гэж боддог байлаа?

-Г.Эрдэнэбат эхэлж дуулсан шүү дээ. Энэ дууны нэрээс ч болдог байх, бас Л.Насанбатын ая гэхээр эрэгтэй хүн гэж боддог юм билээ.Тэгээд, энэ дууг эмэгтэй хүн зохиосон юм уу гээд гайхаад байдаг юм.

-Залгахаар, таны  утасны дуудлагад нэг намуухан ая эгшиглэж байсан.Таны дуу байх гэж бодсон?

-Тийм ээ. Тэр сонин бүтэцтэй дуу л даа. С.Эрдэнийн шүлэг юм. “Орших уу, эс орших уу” нэвтрүүлгийг 2014 онд  С.Эрдэнийн нэрэмжит болгон зохион байгуулсан. Тэгэхэд, С.Эрдэнийн шүлгээр дуу хийгээч гэсэн захиалга надад ирсэн. Унтахдаа бодчихоод хонотол өглөө нь нэг ая орж ирсэн. Хэнээр дуулуулах вэ гэж бодсоноо, ерөөсөө  шавь нар маань ч юм,“Увертюра”-ийн дөрвөн хүүд өгье гээд “Анир” студид очсон.  Их гоё ая байна гэцгээсэн. Тэгээд шүлгээ хайж, хуучнаар Сталины номын сангаас С.Эрдэнийн 1956 онд бичсэн алгын чинээ жижигхэн номыг олсон. Ийнхүү “Манан” гэдэг шүлгийг нь сонгож ая хийсэн. С.Эрдэнэ гуай Б.Явуухулан, Д.Пүрэвдорж нарын яруу найрагчид байхад“би дэмий” гэж бодсон юм уу, 1956 оноос хойш өгүүллэг бичсэн юм билээ. С.Эрдэнэ гуайн тэр шүлгэнд, “Анд нөхрийн аравхан үг аясын манан шиг арилан одно” гэдэг үг байдаг. Байгалийн манан биш байгаа биз. “Морин хуур 2014” наадамд оролцож шилдэг дуунд шалгарсан. Гэхдээ шагналыг нь аваагүй. 

-Яагаад?

-Яахав, Яруу найргийн уралдаанд ч янз янзын л юм байдаг биз дээ.


 
-Ч.Лодойдамба гуай ч мөн шүлэг бичээгүй байх. Ер нь аавдаа зориулсан бүтээл танд байдаг уу?

- С.Эрдэнэ шиг, үргэлжилсэн үгийн зохиолоор голлосон шиг байгаа юм.  Ээж, бид хоёрын “Эрдэнийн Тайшир уул” гэж дуу бий. Манай аав чинь Говь-Алтайн Тайширынх  шүү дээ. Ээж маань,“Говь-Алтайд төлийн аян явах нь, чи ая хийж чадах уу” гэсэн. Би ая бичдэггүй мөртлөө чадна гэчихсэн. Ээж маань, “Хөгжмийн зүрх нь аялгуу шүү, их сайхан аялгуутай хийгээрэй” гээд, өөрөө Тайширынхны тухай шүлэг бичсэн. Миний бараг анхны тэр дуу одоо радиогийн “Алтан фонд”-д  бий. Тэр үед урлагийн холбооны дарга байсан Б.Зангад гуай дуулсан.
 А.Очирбат гуай ярьж байна билээ. Уг нь Ч.Долгорсүрэн зохиол бичдэг байсан юм.“Яагаад зохиол бичихгүй байна аа” гэж асуусан чинь “Одоо бичвэл Лодойгоороо бичүүлсэн гэнэ шүү дээ” гэж байсан гэсэн. Ээж маань аавтай суухаас өмнө шүлэг зохиодог, бүр уралдаанд ороод байр эзэлж байсан юм билээ. 
 
-Жирийн сонсогч бид мэргэжлийн сайн бүтээлийг тэр бүр ойлгож чаддаггүй байх. Мэргэжлийн хүний хувьд  бүтээлээсээ хамгийн сайн болсон нь аль  гэж онцлох вэ?
 
-Би арван хэдэн жил хойно /ЗХУ/ сурсан. Мэдсэн сурсан бүх эрдмээ гаргасан “Тэнгэр буурал аав” гэж дуу бий. Г.Эрдэнэбат анх дуулж, дараа нь поп маягийн болгоод Б.Сарантуяагаар дуулуулсан. Нэгдүгээр бадгийн хөгжим нь дурсамжийн маягтай, хоёрдугаар бадаг нь модон үлээвэртэй жаахан хөнгөн, гуравдугаар бадаг нь бүх оркестр тоглодог том том акордуудтай. Уг нь минорын дуу л даа. Эцэст нь мажор буюу бадрангуй акордоор төгсгөдөг юм. Тэр дуу яаж бүтсэн гэхээр, Л.Дагвадорж гэж мундаг дууны шүлэгч байлаа шүү дээ. Түүний зээ охинд би багшилдаг байсан юм. Нэг өдөр,өвөө өгч байна гээд нэг шүлэг өгсөн. Миний аав бурхан болоод 25 жил болж байсан үе л дээ. “Тэнгэр буурал аавдаа тэнцүүлж дуугарах эгшиг олъё” гэсэн 25 жил аавдаа зориулж хэлж чадаагүй тэр үг шүлэгт  байсан. Тэгээд л тэр дороо дотор маань “шүлэг амилж”, эгшиг болон дуугарч эхэлсэн. Хичээлээ дуусмагц бушуухан харьж, хөгжим дээрээ тоглон ээждээ сонсгосон. Тэгж бүтсэн дуу юм.
Манай дүү намайг загнадаг юм, хоби хоби гэх юм, хөгжим зохиох бол таны мэргэжил, харин хобби тань бол үндэсний хувцастай хүүхэлдэйнүүд чинь гэдэг юм /гэж хэлээд хүүхэлдэйний цуглуулга бүхий том шүүгээг заав. сурв/. Цуглуулгад маань 1960 оны грек хүүхэлдэй бий. Аав маань бэлэглэсэн.

-Дүү гэснээс, эцэг эхээс та хэдүүлээ вэ?

-Дөрвүүлээ. Гурван эмэгтэй, хамгийн бага маань эрэгтэй. Хамгийн том эгч маань өөд болсон. Охидын дундах нь би. Одоо үр ач, зээ нар гээд олуулаа болсон.

-Ямар мэргэжилтэй улс вэ?

-Надаас өөр урлагийн хүн байхгүй. Ганц эрэгтэй дүү Л.Галбадрах маань  БНСУ-д Элчин сайдаар ажиллаж байсан. Одоо Лаос, Камбожид Элчин сайдаар томилогдон ажиллаж байгаа. Дүү Л.Насанбаяр франц хэлтэй, радиод ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан.

-Их зохиолчийн мэндэлсний 100 жилийн ойг хэрхэн тэмдэглэх гэж байгаа вэ?

-Янз янзын л ажил болох юм шиг байна. Засгийн газрын тогтоол гарч, 21 гишүүнтэй ажлын хэсэг
байгуулсан гэсэн. Түүнд нь манай эгчийн охин, Говь-Алтай аймгийн бизнесменүүдээс бүрдсэн хүмүүс орсон.Урлагийнхан ч байгаа байх. Үнэнийг хэлэхэд, миний аав авьяастай улсуудыг олж харж, их дэмжиж байсан юм билээ.

-Тийм гэсэн. Ч.Лодойдамба гуайг сайд байхад, Монгол Төрийн урлагийн бодлого алсын хараатай байсан гэж бахдан бичсэн байсан.  Монголын анхны рок поп хөгжмийн хамтлаг “Соёл эрдэнэ”-ийг байгуулсан түүх ч аавтай тань холбогддог. Х. Уртнасан,Л. Эрдэнбулган гэхчлэн Монголын дуурийн урлагийн одуудыг мөн л мэргэн олж харж,хойшоо сургуульд явуулсан юм билээ?

          -Тийм ээ, уран бүтээлийн сайд байсан. Одоо бол үнэндээ тийм бодлого явуулахгүй байна шүү дээ. Морин хуурыг хөгжүүлэх, аймгуудын театруудыг хөгжүүлэхэд ч санаа тавьж байсан юм билээ. З.Хангалыг сургуульд явуулсан. “Хөгжим бүжгийн сургууль”/ХБС/ -ийн дэргэд оройн 10 жилийн сургууль нээлгэн, И.Нямгаваа гэх мэт 10 төгсөөгүй хүүхдүүдийг урлагийн хүн болгох гэж сургаж байсан байдаг.
Хөгжим бүжигийн сургуулийн  80 жилийн ой болох гэж байна. Сонгодог урлагийг системтэйгээр олгодог юм. Тухайлбал, хийлийн, төгөлдөр хуурын ангид зургаан настайгаас нь сургадаг. Одоо ч манай сургууль тэгж бэлдэж байна. Би системтэй сургалтынх нь анхны сурагч. Одоо тэтгэврийн насанд хүрчихээд багшилсаар л байна.Орост төгссөн боловсон хүчин цөөн байна шүү дээ.
Харин хөгжмийн зохиолч нар бол,  Хачатурян эд нар шиг дундаасаа явж болдог л доо.

-Ч.Лодойдамба гуайд анхны Төрийн шагналыг “Алтайд”роман нь авчирсан. Олон хүүхдийг уран зохиолын амтанд оруулсан энэ романаа нутгаараа нэрлэсэн байдаг?

-Өвөө маань хар ухаантай, эрдэмтэй хүн байсан шиг байгаа юм. Намайг нялх байхад өөд болсон. Тэр хавийнх нь хүмүүс өвөөгөөр үлгэр яриулж,  тууль хайлуулдаг байсан гэсэн. “Алтайд” романд цуутай сайн эр Ганган Төгсийн амьдарч байсан агуйн тухай гардаг шүү дээ.

-Алтайн сүрлэг уулсын эзэгнэж явсан Ганган Төгсийн тухай мэдэх хорхой хүргэж, цухас дурдаад өнгөрдөг дөө?

-“Алтайд” романд геологийн талаар маш тодорхой гардаг. Тэгэхээр аав маань геологийн талаар судалж уншдаг, их олон талын мэдлэгтэй хүн байсан байгаа юм. Даанч залуугаараа, 53 насандаа хорвоог орхисон доо.

-“Тунгалаг тамир” романыг 1954 оноос эхлэн 13 жил бичсэн гэдэг.  Тэгэхээр мөн бичиж дуусгасны нь 50 жилийн ой өнөө жил тохиож байна. Энэ романы эхэнд "Ачит эцгийн дурсгалд зориулав. Аавдаа би хөшөө босголоо" хэмээх бахдалтай үг нь байдаг?

-Миний өвөө Чадраабал гэж хүн байсан. Өвөөг нутаглуулахдаа ил тавьсан шиг байгаа юм. Тэгээд, би аавдаа хөшөө босгоно оо гэж хэлж байсан юм билээ.

-Тэгэхээр,Монголын утга зохиолын нэгэн сүмбэр оргил болсон бүтээлээр аавдаа хөшөө босголоо гэсэн юм уу, аль эсвэл энэ зохиолд аавыгаа мөнхөллөө гэсэн утгатай юм болов уу гэсэн асуулт чангаагаад байдаг юм. Энэ талаар та л сонин юм ярих байх?

-Миний хувьд, “Тунгалаг тамир” романыг уншихаар таньж мэддэг олон хүн маань гардаг. Жишээлбэл, Итгэлтийн дүрд  гэхэд миний ээжийн аавын дүр шингэсэн байдаг. Нагац өвөө маань Өвөрхангайнх шүү дээ. Нутгийнхан нь Цолмонгийн Чимэд гэдэг байсан. Ажилсаг эртэч,зүгээр суудаггүй хүн байсан. Гэхдээ Чимэд өвөөгийн тэр зангаас гадна олон янзын дүрийг нэгтгээд Итгэлтийн дүрийг бүтээсэн. Цахиур Төмөр ч их адил. Одоо Говь-Алтайд очихоор, “Үүгээр Цахиур Төмөр явж байсан. Энэ чинь Тарлан хайрхан шүү дээ, үүгээр нутаглаж байсан байхгүй юу” гээд яриад байдаг. Цахиур Төмөр гэж хүн байгаагүй шүү дээ.
 
-Зохиолын үйл явдалд хөтлөгдөж яриад байна, тийм үү?
 
-Үйл явдал Архангайд болдог шүү дээ. Гэтэл аав маань Говь-Алтайнх. “Тунгалаг тамир” роман эхлэхдээ, Засагт ханы Эрдэнэ гээд эхэлдэг шүү дээ. Өвөө маань ноёнтойгоо заргалдаад,нутагтаа гишгэх газаргүй болж яваад өвдсөн юм гэнэ билээ.Архангайнхан тэтгээд өвчинг нь эдгээсэн гэсэн. Тэгээд Архангайнхан хүн сайтай гэдэг байсан юм билээ.
 
-Засагт ханы  Эрдэнэ гэдэг нэр нь ч тэр, ерөөсөө энэ дүрд аавыгаа илүүтэй дүрсэлсэн юм биш үү?
 
-Тэгсэн.Гэхдээ чи зохиолуудынх нь дүрүүдийг бодоорой. Эрдэнэ, Дулам,Бат гэж их бий, Төмөр гэж бий. Зөвхөн “Тунгалаг тамир”-т биш. Янз янзын Бат гардаг юм.

-Өвөө тань бичиг номтой, бас морь малд сайн, ноёнтойгоо тэрсэлдчих зоригтой эр байжээ. Тэгэхээр цахиур Төмөр, түүнийг дууриах гэсэн Хонгор нарын дүрд ч тэр сайн чанаруудыг нь шингээсэн байх. Үнэхээр Л. Түдэв гуайн хэлснээр, Монголын уран зохиолд ижилгүй, зууны манлай болон товойсон бүтээлээр аавдаа хөшөө босгожээ?

-Мөн ээждээ зориулаад зохиол бичиж байгаад  дуусгаж чадаагүй юм билээ. Одоо тэр зохиол нь хаа байгааг мэдэхгүй. Бараг дунд нь орсон байсан гэж ээж маань ярьдаг юм. Одоо байхгүй.
 
-Алдсан гэсэн үг үү?
 
-Мэдэхгүй, олохгүй байгаа. Нас барсны нь дараа нэг хүн асууж байсан гэсэн.
 
-Ер нь ямар шалтгаанаар өөд болсон юм бэ?
 
-Түүнийг яриад яах вэ дээ. Гэхдээ учир битүүлэг гэмээр нас барсан. Яагаад гэвэл, зүв зүгээр  хоёр хөл дээрээ явж байсан хүн гэнэт өвдөж 14- ч билүү, 21 хоноод нас барсан. Би тэгэхэд хойно оюутан байсан.Ээжээсээ асуухаар,  миний хүүхдүүд тэрийг яриад яах вэ гэдэг байсан.
 
 
-Өөд болохоосоо өмнө юухэлж, захиж байсан бол?
 
-Би бол их өрөвдмөөр байдлаар дуудагдаж ирсэн. Би Москвагийн консерваторт сурч байсан. Нэг өдөр Элчин дээр дуудаж байна гэсэн. Оюутны өвлийн шалгалт өгөх гэж байсан үе л дээ. Тэгээд очтол, “За, өнөөдөр Монгол явна аа” гэдэг юм. Би “Тэртээ тэргүй гурав хоноод шалгалтаа өгөөд гэртээ харина. Чемодан саваа бэлдчихсэн” гэлээ. Аав чинь их хүнд өвдсөн. Үүдэнд Элчингийн машин байгаа, байраараа ороод чемоданаа аваад яв гэсэн.

-Бүр тэр дороо юу?

-Бүр онгоцны билет өгч байгаа юм чинь. Би  их гайхаад сууж байтал, тэр консул миний хажууд утсаар, “Танай сургуулийн  оюутны ээж нас барсан.  Гэхдээ  шууд битгий хэлээрэй, хүний газар трамвайд ороод үхчихэж юм билүү, том цохилт болно шүү дээ” гээд сургуулийнх нь декантай яриад байсан. Ямар өрөвдмөөр хүүхэд бэ гэж би бодож суулаа.  Гэтэл одоо бодоход тэр хүн миний дэргэд албаар худлаа ярьсан шиг байгаа юм.
 
-Танд хэлэх гэсэн санаагаа тэгж илэрхийлж, тийм үү?
 
 -Аав чинь нас барсан гэвэл, би яах байсан нь мэдэхгүй шүү дээ. Би байрандаа очоод,бэлэн байсан чемоданаа аваад онгоцны буудал явав. Тэгээд онгоцонд ороход, бүх хүн над руу харж байсан. Тийм сонин юм болсон шүү дээ.
 
-Тэгэхээр танаас бусад нь мэдэж байж дээ?
 
-Түүн дотор Эрүүл мэндийн сайд байсан байх аа Дэмбэрэл гуай эхнэрээ гаргаж өгөх гээд ирсэн байсан. Тэгээд надад, “Миний хүү тэвчээртэй яваарай, аав чинь их хүнд өвдсөн шүү” гэж байсан.
 
Би чамд нэг сонин юм  хэлье.  Би тэр үед их гангална. Одоо ч хүүхдүүд үсээ сул задгай тавиад явдаг шүү дээ. Ээж маань надад, “Миний хүү үсээ битгий задгай тавиад яв, зовлон дууддаг юм” гэж хэлдэг байхгүй юу. Тэгэхээр аав маань хажуугаас, “Вьетнамууд бүх насаараа задгай тавиад явдаг” гэхэд, ээж маань “Тэгээд жаргасан нь хаа байгаа юм, бүх насаараа л дайнтай байна” гэдэг сэн.Тэр үед Вьетнам үнэхээр дайны талбар байлаа шүү дээ. Би “Аавыгаа хүнд өвчтэй байгаа гэсэн бодолтойгоор онгоцонд суусан болохоор унтахгүйг хичээж явлаа. Өвчтэй хүнийг эрүүл болж гэж зүүдэлчихвэл аав маань үхчихнэ гэж бодоод, унтаж л болохгүй гэж хичээж явсаар ирсэн. Тэгээд ээжийн хэлдгээр зовлон дуудахгүй гэж, задгай тавьсан гэзгээ годойтол сүлжчихээд онгоцноос буулаа.
 
-Хүүхдээрээ байж дээ?

-Би 17 настай байсан. Тэгээд онгоцноос буусан чинь, гааль мааль ч болоогүй байх аа, шууд  нэвтрээд машинд суулаа. Намайг миний авга эгчийн нөхөр тосоод, “Тэсвэртэй байгаарай, бүх хүн чамайг л харж байгаа шүү “ гэв. Эмнэлэг явах уу гэтэл,“Эмнэлэг явах цаг өнгөрсөн” гэсэн.Тэгээд гэртээ очсон. Өвлийн хүйтэн байсан ч гэрийн маань цонхнууд дэлгээтэй, цонхон дээр олон хүн намайг хараад байж байсан. Тэгж л би аавыгаа өнгөрсөн хойно ирсэн юм.
 
-Үнэхээр хүнд даваа байжээ. Ажил явдалд нь маш олон хүн ирсэн биз?
 
-Бүх  Монголоороо гашуудсан байх. Тэр үеийн зураг манай дүүгийнд байдаг юм. Дуурийн театрын урд талын хаалгаар гарчихсан тийм олон хүн байсан. Тавьсан цэцэгнүүд нь хаа хүртэл үргэлжилж байгаа юм бүү мэд, зах нь харагдахгүй байсан. Гудамжинд явж байсан хүмүүс малгайгаа аваад бөхийн ёслоод л. Ж.Самбуу. Ю.Цэдэнбал  нар гээд Улс төрийн товчооныхон бүх бүрэлдэхүүнээрээ ирсэн.  Тэгэхэд миний аав АИХ-ын депутат байсан.
 
-Уучлаарай, би их хүнд сэдэв хөндчихлөө.
-Зүгээр дээ.

-Түүх талаас нь мэдэх үүднээс асууж байгаа юм шүү. Тэр үед томчууд юу гэж хэлж байв?

-Тэр үед,  хүний үгийг ч анхаарахгүй шүү дээ. Миний аав Д.Цэрэндолгор агсны шарил дээр “Монголын хийлийн утас тасарлаа” гэж хэлсэн үг байдаг юм. Түүнтэй адил, Л.Түдэв гуайн “Монголын урлагийн баруун гарын бичээчийн юу нь билээ тасарлаа” гэсэн үг байдаг.

-За уучлаарай, одоо гэгээлэг юм ярьцгаая. “Бөмбөгөр ногоон”-ы гоё жүжигчин Ч.Долгорсүрэн, их зохиолч Ч.Лодойдамба гуай хоёр орчин үед гэрлэж байсан бол алхам бүр нь папарацийн дуранд буух байсан биз. Харин тэр үед хэр “шуугиж” байсан бол?

-“Тийм мундаг зохиолчийг хүүхнүүд зүгээр байлгаагүй л байх. Тийм сайхан хүүхнийг харцуул зүгээр явуулахгүй л байх. Тэгэхэд энэ хоёр бүх насаараа ханилсан” гэж А.Очирбат гуайн хэлсэн үг байдаг. Миний ээж их залуугаараа бэлэвсэрсэн шүү дээ.

-Хоёулаа “Тунгалаг тамир” киног хийлцээд гүйж явсан гэдэг юм билээ?

-Аав маань эхлүүлчихээд, гол дүрүүдийг нь тогтоочихсон, бүр  анхных нь зургийг  авсныг нь үзээд, ер нь хоёр анги болгоно гэж байсан юм билээ. Өөрөө Соёлын Яамны сайд байсан хүн шүү дээ. Нас барснаас нь хойш гурван анги болгосон юм байхгүй юу.

-Та аавынхаа юугаар нь бахархах дуртай вэ?

- Би хэзээ ч ааваараа загнуулж үзээгүй. Аавыгаа санахаар нээх их гэгээлэг сайхан санагддаг.  Бидэнтэй их тоглоно. Нуугдаж тоглоод л, нуруун дээрээ үүрчихээд л тоглодог байсан. Бодвол шөнө л зохиолоо бичдэг байсан шиг байгаа юм. Биднийг унтахад сууж л байна, харин өглөө босоход унтаж байдаг. Ээж “Ажилдаа яваарай босоорой” гээд л дуудна. Тэгээд юм бодоод байгаа шинжтэй, оймсоо өмсөх гэж бариад хэдэн минут суучих нь. Ер нь аав маань хайнга ч гэмээр, хувцас хунартаа анхаарал тавиад байдаггүй хүн байсан. Ямар сайндаа хамаатнууд маань, та нар биеэ хувцаслаач гэдэг байх вэ.
 
-Бүх зохиолуудаа монгол бичгээр бичдэг байсан гэсэн байх аа?

-Бүх гар бичмэлүүд нь монгол бичгээр байгаа. Дашдулам гэдэг бичээчээр кирилл болгуулдаг байсан. Манай дүүгийн саяхан хэвлүүлж гаргасан “Тунгалаг тамир” хоёр ботийн хавтсан дээр аавын гар бичмэлээс нь байгаа. Хуучин монголтой нь харьцуулж байж, сонгомол эх гэж гаргасан. 

-“Тунгалаг тамир”-ын эх монгол бичгээр гэхээр маш гайхалтай юм байх нь.Тэр эх нь танд байгаа юу?

- Манай дүүгийнд хадгалагдаж байгаа. Хүмүүс маш их гуйдаг юм. Тэр болгон үзүүлэхгүй л дээ.  Миний аавын бичиг их гоё шүү дээ. А4 цаасыг нугалж байгаад, дандаа хөндлөнгөөр нь бичсэн байдаг юм.

-Шүлэг зохиолыг монгол бичгээс кирил бичигт буулгахаар яруу сайхан нь алдагдаад байна гэж хэлээд, Ю.Цэдэнбалд загнуулж байсан гэдэг?

-Тэгж ярьдаг. Би жинхэнэ ухаан орсон үедээ хойно сургуульд байсан болохоор зуны амралтаар л гэртээ ирдэг байсан. Тэгэхээр тийм нарийн юмыг мэдэхгүй шүү. Үнэнээ хэлье.

-Төрийн хошой шагналыг бурхан болсон хойно нь 1972 онд нэхэн олгосон. Яаж гардуулж байсан бэ?

-Шагналыг нь манай эгч одоо “Залуучуудын эвлэл” гээд байдаг газар очиж авсан. Төрийн шагналыг зохиолч нараас Р.Чойном, манай аав хоёрт л нэхэн олгосон байдаг байх. Тэгээд “Төрийн шагналыг олгох гэж байсан чинь гэв гэнэт нас барчихлаа” гэж хэлсэн юм гэнэ билээ. Аав маань, эмнэлэгт хэвтээд “Надад арга хэмжээ аваачээ. Нуруун дээрээ ирсэн Содном хөл дээрээ босчихлоо,  би хөл дээрээ ирээд нуруун дээрээ болчихлоо” гэж байсан гэсэн.

-Тэгэхээр өөрөө ч гайхам хурдан муудаж дээ?

-Онош нь байдаггүй. Бид нар хүүхэд байсан. Африк  явж байсан. Манай Монголд танигдахгүй өвчнөөр нас барлаа даа гэж байсан.

-М. А.Шолохов “Дөлгөөн Дон”-ыг бичсэн байхад би яагаад чадахгүй гэж хэмээн “Тунгалаг тамир”-ыг бичсэн хэмээн яригддаг?

-“Дөлгөөн дон”-ыг хуулчихсан гэсэн яриа байдаг аа. “Тунгалаг тамир” доторхи сэтгэхүй шал өөр шүү дээ. Бас “Хүний хувь заяа” болон “Хугараагүй ноён нуруу” хоёрыг зэрэгцүүлээд байдаг байхгүй юу. Тэр хоёр шал өөр шүү дээ. Жишээлбэл, Н.Жанцанноровыг “Би чамд хайртай” киноны дууг хуулсан гээд л байдаг.  Ер нь цав цагаан цаасан дээр юу ч мэдэхгүй хүн юм зохиохгүй шүү дээ. Миний шавь “Шаргачин” гэдэг өгүүллэгт нь хөгжим бичсэн байгаа. Бетховен, Сонатыг мэдэхгүйгээр тэгж хөгжим бичнэ гэж байхгүй. Монгол ахуй дээр сонгодог боловсролыг нэмж байж, бид дэлхийн тавцанд гарна шүү дээ.

-Үнэхээр монгол түмний оюун сэтгэлгээ, өв уламжлал, ёс заншил, ертөнцийг үзэх ухааныг Ч.Лодойдамба гуай нүдэнд харагдаж, сэтгэлд дурайтал дүрсэлсэнээрээ агуу. Түүний нэг “Солонго” өгүүллэгээр нь кино бүтээх сураг байсан?

-Г.Жигжидсүрэн гуай, дүрүүдээ хүртэл сонгочихсон гээд ярьж байсан. Яасан юм  бэ мэдэхгүй, мөнгө төгрөг нь болохгүй байгаа юм болов уу даа.

-Та ярих сэдвээр баян хүн юм. Ээжийн тань талаар хөөрөлдвөл бас л сайхан яриа болно. Энэ удаагийнхаа яриаг ингээд жаргаая. Таныг харахад, Ч. Лодойдамба гуайн зурагтай адилхан юм. Харин ярьж байгаа тань ээжтэйгээ адил санагдлаа. Ээжийн тань кинонд бүтээсэн дүрүүдийг бодоод хэлэхэд шүү дээ?

-Г.Жамсранжав эд нар,“Чамд аавын чинь костюмыг өмсгөөд, ширээний ард суулгачихвал хүн болгон гайхаад, Сайд аа, сайдаа гэх байсан” гэдэг байсан. Хүмүүс намайг хэзээ ч ээжтэйгээ адил гэдэггүй байлаа. Одоо харин хөгшрөх тусам ээжтэйгээ адил болж байна гэдэг.  Миний ээж бол хосгүй сайхан хүн байсан шүү дээ. Намайг одоо хэдэн үг хэлэхэд, Өвөрхангайнх уу гэж асуудаг. Аялгаар нь тэгж мэддэг юм байна л даа.
 
 Б.Хандмаа
Холбоотой мэдээ