Катар улс Турк, Ирантай хүнсний бүтээгдэхүүн, ус худалдан авах талаар хэлэлцээ хийж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-06-08 11:04:17
МОСКВА./TASS/. Катар улс хүнсний хангамжийн хомсдлоос сэргийлэх үүднээс хүнсний бүтээгдэхүүн, ус худалдаж авах талаар Турк, Ирантай хэлэлцээ хийж байна. Энэ тухай “Reuters” агентлаг Катарын эрх баригчдын төлөөллийг иш татан мэдээллээ.

“Бид Турк, Иран болон бусад орнуудтай хэлэлцээ хийж байна” хэмээн нэрээ нууцлахыг хүссэн албан тушаалтан тус агентлагт мэдээлжээ. Хүнсний бүтээгдэхүүнийг Катарын агаарын тээврийн “Qatar Airways” компанийн ачааны онгоцоор тээвэрлэнэ гэж тэр нэмж хэлжээ. Түшмэлийн ярьснаар, Катарын зах зээл дээр улаан буудайн нөөц дөрвөн долоо хоногт хүрэлцэх хэмжээтэй үлдсэн, гэхдээ засгийн газар Доха-д хүнсний стратегийн томоохон нөөцтэй байгаа ажээ.

Мягмар гарагт Катарын Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга шейх Халифа бен Жасем Аль Тани Саудын Арави, Бахрейн, Арабын нэгдсэн Эмирт улс Катарын эсрэг бүслэлт хийх шийдвэр нь тус улсад нийлүүлэх хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийн нийлүүлэлтэд нөлөө үзүүлэхгүй гэж мэдэгджээ. Катарын хэрэглээний бараа товарын стратегийн нөөц хамгийн багадаа 12 сар хүрэлцэнэ, үүнээс гадна, бараа товарын 95 хувь нь тус улсад усан зам, агаарын тээврээр нийлүүлэгддэг, зөвхөн 5 хувь нь Саудын Аравитай хил залгаа хуурай замаар нийлүүлэгддэг гэдгийг шейх Халифа бен Жасем онцлон дурджээ.
О.Барс
 

Холбоотой мэдээ