Черногор улс албан ёсоор НАТО-гийн 29 дэх гишүүн боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-06-08 16:12:21
ВАШИНГТОН./VOA/. Балканы хойгт цагтаа Оросын талыг баримтлагч орон байсан Черногор улс өнөөдөр НАТО-д элссэн баяраа тэмдэглэж байна. Энэхүү түүхэн эргэлт нь Кремлийн дургүйцлыг хүргэж байгаа юм.
Хэдийгээр Орос улсын ашиг сонирхолд нийцэхгүй байгаа, мөн 620 мянган хүн амтай улс дотроо ихээхэн хагаралтай байгаа ч 6 дугаар сарын 5-нд Черногор улс албан ёсоор Өрнөдийн цэрэг улс төрийн эвслийн 29 дэх гишүүн боллоо.
Черногор улсыг НАТО-д элсүүлэх ёслол Вашингтонд болсон ба Черногор улс тус эвсэлд нэгдэхийн тулд урьдын холбоотон байсан Оросоос нүүр буруулахад хүрсэн юм. Орос улс нь тус славян улсад улс төр, соёлын хүчтэй нөлөөгөө алдахгүйг хичээдэг, Черногор улсыг өөрийн ашиг сонирхлынхоо нэг хэсэг гэж үздэг юм.
Черногор улс НАТО-д элссэнээр зүүн өмнөд Европт Оросын нөлөөллийг улам сулруулж, Ойрхи Дорнод руу цэргийн довтолгоо хийхэд түшиц газар болгон ашигладаг Европын “дулаан тэнгис” рүү гарах гарцгүй болгож байгаа юм.
Черногор улс НАТО-гийн гишүүн болсноор “тус улсын ардчилсан шинэчлэл, худалдааг хөгжүүлж, хөрш орнуудын аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлнэ” гэж АНУ-ын Төрийн департамент мэдэгджээ.
Үүний хариуд Орос улс эдийн засаг, улс төрийн шинж чанартай хариу арга хэмжээ, түүний дотор Оросын жуулчдаас ихээхэн хамааралтай Черногорын аялал жуулчлалын бизнесийг нь зогсооход чиглэсэн кампанит ажил явуулна гэж заналхийлжээ. Барагцаа тооцооллоор, Черногор улсад жил бүр 200 000 орчим Оросын жуулчид ирдэг бол 80 000 орос иргэн тус улсад үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг байна.
Мөн Орос улс Черногорын дарс импортлохыг хориглосон төдийгүй саяхан Москвагийн нисэх онгоцны буудлаас Черногорын өндөр албан тушаалтныг албадан гаргасан байна.
10 дугаар сард тус улсын Ерөнхий сайд Мило Жукановичийн эсрэг чиглэсэн төрийн эргэлт хийх гэсэн оролдлогын цаана Москва байсан гэж Черногор улсын эрх баригчид мэдэгдэж байжээ. Ерөнхий сайд Мило Жуканович тус улсыг НАТО-д элсүүлэх кампанит ажилд голлох үүргийг гүйцэтгэжээ. Харин Орос улс дээрх оролдлогод холбоогүй гэж мэдэгджээ. 
“Манай улс НАТО-д элсэх болсон нэг шалтгаан нь Черногорын иргэдийн төдийгүй гадаадын хөрөнгө оруулагчид, жуулчдын аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангах явдал байсан. Тийм болохоор бидний зорилго бол улсдаа бүр их Оросын жуулчдыг татан ирүүлэх явдал” хэмээн Жуканович мэдэгджээ.
О.Барс 
Холбоотой мэдээ