Британийн Консерватив нам шинэ парламентад олонхи болж чадахгүй нь тодорхой боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-06-09 14:12:53
ЛОНДОН./TASS/. Их Британийн Консерватив нам 6 дугаар сарын 8-нд болсон парламентын ээлжит бус сонгуулийн дүнгээр парламентын олонхи болж чадахгүй болжээ. Энэ тухай 650 сонгуулийн хэсгийн хорооны 633-ынх нь тооллогын эцсийн дүн нотлож байгаа юм.

Ерөнхий сайд Тереза Мэй-гийн нам одоогийн байдлаар 308 депутатын мандат баталгаатай авсан байна. Энэ болтол 17 сонгуулийн хэсгийн хорооны дүн гараагүй байгаа ч бүгдээрэнд нь Консерватив нам ялсан байлаа ч дангаараа Засгийн газраа байгуулахад шаардагдах олонхийн 326 суудал авч чадахааргүй байгаа аж.

Ийм нөхцөл байдлыг “гацсан парламент” гэж нэрлэдэг ба ийм тохиолдолд эвслийн засгийн газар байгуулах яриа хэлэлцээг хийх шаардлага тулгардаг байна.
Өөр нэг хувилбар бол цөөнхийн засгийн газар байгуулах явдал, гэлээ ч ийм засгийн газар тогтворгүй байдаг аж. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш, мөн сүүлийн хоёр арван жилийн хугацаанд тохиолдож буй гуравдахь “гацсан парламент” нь энэ парламент болж байгаа ажээ.
Шинжээчид сонгуулийн дүн ингэж гарч байгаа нь Ерөнхий сайдад хамгийн хүнд тусч байгаа юм. энэ оны 4 дүгээр сард парламентын ээлжит бус сонгууль зарласнаар Т.Мэй Их Британийг Европын холбооны бүрэлдэхүүнээс гаргах талаар хүнд хэлэлцээ хийхийн өмнө парламент дахь өөрийн байр сууриа нэмэгдүүлэхээр төлөвлөсөн билээ. Британийг Европын холбооноос гаргах хэлэлцээ 6 дугаар сарын 19-нд эхлэх ёстой аж. Сөрөг хүчний намынхан Ерөнхий сайдыг огцрохыг уриалж байгаа чимээ ч сонсдож байгаа гэнэ.
6 дугаар сарын 9-ны орой сонгуулийн эцсийн дүн гарсны дараа Т.Мэй ард түмэндээ хандан үг хэлэх ёстой ба энэ үеэр Консерватив намын тэргүүн ямар шийдвэр гаргах нь тодорхой болох аж.
О.Барс 


Холбоотой мэдээ