Шарм-Эль-Шейх -Санкт Петербургийн чиглэлд нисч явсан Оросын онгоц сүйрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
dogsom@montsame.mn
2015-10-31 19:36:29

Өнөө өглөө Египетийн  Шарм -Эль Шейх - Санкт-Петербургийн чиглэлд нисч явсан Оросын  «Когалымавиа “ нисэх компаний   AIRBUS-321 / 7K 9268 рейс/онгоц  сүйрсэн тухай оросын хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд уламжиллаа.

Онгоц орон нутгийн цагаар өглөөний 06.51 нисч, 23  минутын  дараа радараас алга болсон тухай  Египетийн агаарын диспетчер уламжилжээ. Удалгүй уг онгоц  унасан тухай Турк,  Египетийн ХМХ мэдээлсэн боловч, албан ёсны нотолгоогүй байв.

 Гэтэл онгоц  Египетийн  Синайн нутагт  унасан тухай Египетийн Засгийн газраас  уламжилжээ. Оросын  Россия -24 телевизийн  суваг энэ тухай мөн  мэдээлэв. Онгоцонд 220 зорчигч, 17 хүүхэд болон онгоцны багийн 7 гишүүн  байжээ. Зорчигчдын дийлэнх нь Оросын иргэд байв.

 Египетийн  ерөнхий  сайд онгоцны ослын газрыг  зорьсон тухай өгүүлж байна. Онгоцны сүйрлээс амьд гарсан хүн бараг байхгуй болов уу хэмээн үзэж байгаа ажээ. Гэхдээ Египетийн эрх баригчид яаралтай түргэн тусламжийн багийг ослын газар руу илгээсэн байна. Мөн  эмнэлгүүд осолд өртөгсдийг  хүлээн авахад бэлэн гэдгээ уламжлав.   

Одоогоор онгоцны сүйрлийн шалтгааны тухай ямар ч хувилбар яригдаагүй ч, Египетийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд эх  сурвалжийг иш татан Оросын онгоц хөдөлгүүрийн асуудалтай байсан тухай уламжилсан байна.

Онгоц өнөөдөр /москвагийн цагаар/ Санкт-Петербургэд  11.00  цагт буух ёстой байсан ч, буух нислэгүүдийн  самбарт  7K 9268 рейсийн мэдээлэл огт гараагүй  тухай  тус улсын ХМХ-үүд  мэдээлж байна. Орос улсын Онцгой байдлын яамны “ Спас” , “Лидер” шуурхай үйлчилгээний төвүүд , “Ил-76” онгоц  хоёрыг  мөн  Бе -200 онгоцыг тус тус ослын газарт явуулах гэж байна.

Москва хот. А.Огторгуймаа 

Холбоотой мэдээ