Монголын хүлэг дэлхийн дэвжээнд түрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2015-11-02 11:25:53

 Дэлхийн хурдан морины уралдаанд эрэмбээрээ ч, нэр хүндээрээ ч, эргэлддэг мөнгө, үзэгчдийн тоогоороо ч дээгүүрт ордог “Breeders’ Cup World Championship 2015” уралдаан АНУ-ын Кентакки мужийн Лексингтон хотын “Keeneland” морин тойруулгад 10 дугаар сарын 31-ний бямба гарагт болж Монгол эзэнтэй, монгол уяачийн уяа сойлгийг нь тааруулсан “MONGOLIAN SATURDAY “ хэмээх хээр соёолон ширэг зүлгэн замын ойрын зайн ангилалд түрүүлж Морьтон монголчуудын түүхэнд бичигдэх нэгэн үйл явдал боллоо.

Морин уралдааны ертөнцөнд тодоор бичигдэх үйл явдлууд энэ жилийн уралдааны үед болж, олны “чихийг дэлдийлгэж” байна. Морин уралдааны ертөнцөд “Америкийн Фараон” гэдэг цуутай шүдлэнгийн нэр энэ жилээс тодоос тод дуулдах болж, уралдааны хамгийн нэр хүндтэй болох “Классик” ангилалд түрүүлэн 5 сая долларын бай хүртэв.

Энэ жил “Америкийн Фараон” нь хамгийн нэр хүндтэй цуврал уралдаан буюу Triple Crown гэгддэг Kentucky Derby, Preakness Stakes, Belmont Stakes гурвууланд нь өмнөө дөрвөн туурайтан гишгүүлээгүй түрүүлсэн бөгөөд өнөөдөр “Классик”-т түрүүлснээр Америкт болдог дөрвөн том уралдаанд дөрвүүлэнд нь нэг жил түрүүлж, хосгүй амжилт тогтоолоо.

Өөрөөр хэлбэл манайхаар бол Улсын наадмын түрүү, “Их хурд”, Бүх Даншигт нь түрүүлж байгаатай, теннисээр бол “Их дуулгын” дөрвөн цувралд бүгдэд нь түрүүлчиж байгаатай зүйрлэж болохоор.
Хурдан морины уралдааны түүхэн дэх “Secretariat”, “ Man O’ War”, “ Seabiscuit” гээд л домог болсон алдарт хүлгүүдтэй эн зэрэгцэх нэгэн сайхан ажнай тодорч байгаа нь яах аргагүй энэ жилийн тодотгол, энэ уралдааны “гоёл” байв.

Монголчуудын үүнээс ч илүү анхаарлаа хандуулах, бахархан ярих зүйл нь  Олон шалгуур, сорилгыг давж байж ангилал тус бүрд дээд тал нь 14 хурдан буян заяа уралддаг болохоор зөвхөн оролцох гэдэг нь л нэр төрийн хэрэг билээ. "Breeders’ Cup"-т түрүүлнэ гэдэг чинь үгээр илэрхийлэх аргагүй мэдрэмж шүү дээ. Наадамд түрүүлж ирж буй морийг хараад самсаа нь шархирдаггүй монгол хүн үгүй. Тэгвэл Монголын маань, та бидний хүлэг дэлхийн дэвжээнд түрүүллээ, хийморь сэргэж, бахархахгүй байхын аргагүй ээ.

 "Breeders’ Cup World Championship" гэдэг дэлхийд дээгүүрт ордог уралдааны талаар цухас дурдахад, 1982 оноос эхлэн зохиогдох болсон “ Breeder’s cup” нь 2006 он хүртэл нэг өдрийн уралдаан байсан бөгөөд 1987 оноос хойш өнөөг хүртэл хоёр өдөр уралддаг болсон.

Дотроо уралдааны зам, зай нь өөр өөр 13 ангиллаар уралддаг. Ангилал тус бүрд урьдчилсан уралдуунуудад уралдсан байдал, оноо, шүүгчдийн үнэлэлт гээд олон шалгуур, сорилыг давсан 14 морь л уралддаг. Зөвхөн Dirt Mile буюу Бохир замтай, 1.6 км зайд уралддаг ангилалд 12 морь сонгодог. Ангилал тус бүрийн шагналын сан адилгүй. Доод тал нь 1 сая доллар, дээд тал нь 5 сая доллар. Манай морины түрүүлдэг зүлгэн замтай ойрын уралдааны шагнал 1 сая доллар байхад Classic ангилалд 5 сая доллар байх жишээтэй. Нийт хоёр өдрийн уралдааны шагналын сан нь энэ жилийнх л гэхэд нийтдээ 24,5 сая доллар.
Нэр хүндээрээ бол Triple Crown гэгддэг Kentucky Derby, Preakness Stakes, Belmont Stakes цувралууд болон Францад болдог ARC хэмээн алдаршсан Prix de L ‘Arc de Triomphe, Их Британийн The Royal Ascot, Арабын Нэгдсэн Эмиратад болдог Dubai World Cup , Их Британийн The Grand National, Австралийн Melbourne Cup зэрэг дэлхийн томоохон уралдаануудын л нэг.
Манай “Бямбаагийн” уралдсан Turf sprint нь 5,5 фурлон буюу нэг километр гаран зайд гурваас дээш насны буюу манайхаар бол шүдлэнгээс дээш насны морьд уралддаг. Манай морь энэ зайг 1:03:19 хугацаанд туулсан. Mongolia Staurday энэ жил 5 настай, өөрөөр хэлбэл соёолон настай ид  хурд, эр чадал нь гүйцэж яваа ажнай юм.
“Mongolian Saturday” морины эзэн нь манай нэртэй бизнесмэнүүдийн нэг, манлай уяач , “Макс”-ын Д.Ганбаатарынх. Харин уяа сойлгыг нь уяач Э.Ганбат тааруулжээ. “Монголын Бямбаа”-г унасан “хүүхэд” нь буюу жокей нь франц гаралтай Флоран Жиру. Түүний манай тэнгэрийн хөх өнгөтэй, алтан шар сар, нар, галтай “унаач хүүхдийн” хувцас ч ихэд сайхан харагдаж байсныг зориуд тэмдэглэх нь зүйтэй. “Чонон саарал”, “Буган халиун”, “Аварга хээр”, “Толин хул” гэдэг шиг монгол нэр өгчихгүй заавал MONGOLIAN SATURDAY хэмээх нэр өгсөн юм бол гэж бодох хүн бас байж магадгүй. Минийхээр бол харин ч хамгийн тохирсон нэр “Монголын Бямба” гэдэг. Учир нь хурдан морины ихэнх том уралдаан Saturday буюу Бямба гарагт, хагас сайнд болдог юм. Тэгэхээр томоохон уралдаан болгонд Монголын морь түрүүлж байг, Бямба гариг Монголынх болж байг гэсэн утга учиртай, бэлгэ дэмбэрэлтэй юм болов уу гэж бодож сууна.Энэ Бямба гараг л лав Монголынх байлаа, цаашид улам олон түрүүг “Монголын Бямба” авч, Бямба гараг Монголынх болж байх ​болтугай !

“Таван цагариг”-ийн АНУ дахь тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин.

 

Холбоотой мэдээ