Нийслэлд нийт 936 мянга 651 сонгогч саналаа өгнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-06-25 12:23:32
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил болон холбогдох бусад асуудлаар Нийслэлийн Сонгуулийн хорооноос өнөөдөр мэдээлэл хийв.

Нийслэлд нийт 403 хэсгийн санал авах байр ажиллах бөгөөд 127 нь төрийн өмчийн сургуульд, 101 хорооны  байранд, 28 нь хувийн хэвшлийн барилгыг түрээслэж, үлдсэн 33 нь төрийн өмчийн бусад байгууллагуудад байрлах юм байна. Мөн маргааш цахилгаан тасалдлаас болгоомжилж зарим гэр хорооллын 30 санал авах байранд цахилгаанаа нөөцлөх эх үүсвэрүүдийг байрлуулжээ. Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд “Нийслэлийн хэмжээнд 1021 ухуулах байр, 4158 шадар туслах, 12 мянган ухуулагч ажилласан. Маргааш санал авах байруудад 3 намын 4421 ажиглагч ажиллахаар үнэмлэх авсан” гэлээ.
Энэ удаагийн сонгуульд Улаанбаатар хотод нийт 936 мянга 651 сонгогч саналаа өгөхөөр сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэгджээ. Үүнээс:
  • Сонгинохайрхан дүүрэгт-207.620
  • Баянзүрх дүүрэгт -225.206
  • Баянгол дүүрэгт -144.434
  • Сүхбаатар дүүрэгт-96.148
  • Хан-Уул дүүрэгт-110.883
  • Чингэлтэй дүүрэгт -110.643
  • Багануур дүүрэгт-19.593
  • Багахангай дүүрэгт-2799
  • Налайх дүүрэгт-24.241 сонгогч тус тус бүртгэгджээ.
Үүнээс “түр хасав” гэсэн тэмдэглэгээтэй 32 мянга 315 иргэн байгаа бол үндсэн бүртгэлтэй 904 мянга 336 сонгогч байна. Хуулийн дагуу иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоохоос өмнө нийслэлээс 977 иргэн шилжин явж, 733 иргэн шилжин иржээ.

Нийслэлийн сонгуулийн хороо нийт 941 мянга 539 ширхэг саналын хуудсыг 6 дугаар сарын 23-ны дотор хүлээн авч, дүүрэг, хэсгийн санал авах байранд хүргүүлсэн байна. Санал авах байруудад харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан саналын хуудсыг унших, саналаа тэмдэглэх тусгай зориулалтын брайл үсэгтэй саналыг хуудсыг хүргүүлжээ. Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд заасны дагуу сонгуульд ашиглагдах бүртгэлийн техник хэрэгсэл, санал тоолох төхөөрөмжийг шалган туршиж, гэрчилгээ олгон баталгаажуулах ажлыг энэ сарын 21-ний өдөр нийслэлийн хэмжээнд зохион байгуулж, туршиж дууссан байна.

Санал авах өдөр буюу маргааш бүх нийтээрээ амарна. Хэрэв энэ өдөр ажиллаж буй хувийн байгууллага, аж ахуйн нэгж байвал ажилчдадаа чөлөө олгож саналаа өгөх үүрэгтэйг нийслэлийн Сонгуулийн хорооноос санууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн бэлтгэл ажилд зориулан Нийслэлийн сонгуулийн хорооноос нэг тэрбум 373.8 сая төгрөг зарцуулжээ. Ийнхүү Нийслэлийн Сонгуулийн хороо сонгуулийн бэлтгэл ажлыг бүрэн хангаснаа мэдэгдэж бөгөөд иргэдийг маргааш саналаа өгөхөөр ирэхдээ иргэний үнэмлэхээ заавал авчирч, сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалсан юм.
Н.Гантуяа
Холбоотой мэдээ