Гурав хоногт гурван ой хээрийн түймэр гарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-06-28 14:38:18
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг багийн “Баянбулагийн-Эх” гэдэг газар өчигдөр ойн түймэр гарчээ. Жаргалант суманд гарсан ой хээрийн түймрийг унтраахаар Сэлэнгэ аймгийн “Онцгой байдлын газар”-ын 10 алба хаагч, орон нутгийн 30 иргэн, нийт 40 хүн, найман техник хэрэгсэл  цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

Мөн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Бага давааны харганат” гэдэг газар ойн түймэр гарсан бөгөөд түймрийг унтраахаар орон нутгийн 22 иргэн, хоёр техник хэрэгсэл ажиллаж байна. 

Батсүмбэр сумын Баянгол багийн “Бугантай” голын Цацралтын аманд энэ сарын 26 өдөр гарсан ой хээрийн түймрийг аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, орон нутгийн 77 иргэн, нийт 101 хүн, найман техник хэрэгсэл ажиллаж галыг цурманд орууллаа гэж аймгийн Онцгой байдлын албанаас мэдээллээ. 

Ойрын өдрүүдэд хуурайшилт ихтэй халуун байгаагаас ой хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байна. Иймд иргэд хөдөө зугаалгаар явах, байгалийн дагалдах баялаг ашиглах зэрэг шалтгаанаар явахдаа ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, анхааралтай байхыг албаныхан зөвлөж байна. 

Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ