Болзошгүй үер усны аюулаас сэрэмжлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunzaya@montsame.mn
2017-06-29 17:02:52
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Хөвсгөл, Архангай аймгийн нутаг,  Булган аймгийн нутгийн хойд хэсгээр өнөө маргаашдаа дуу цахилгаантай усархаг аадар бороо  орж, борооны өмнө салхи түр зуур ширүүсэх тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Ус цаг уур, орчны хүрээлэнгээс анхааруулав.

Долдугаар сарын 1-2-нд  баруун болон төвийн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 3-нд төвийн аймгуудын нутгийн ихэнх, баруун, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар,
4-нд нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Борооны өмнө салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.  Мөн ирэх сарын 2-ноос нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст бүгчим халуун хэвээр байна хэмээн мэдээллээ.
Холбоотой мэдээ