Гахайн мялзан гарч, хорио цээрийн дэглэм тогтоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-11-02 15:36:21

Дорнод аймгийн Хэрлэн сумын Хэрлэн сумын 1-р багийн нутаг Малчны хороололд гахайн сонгомол мялзан өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоолоо.

Өнгөрсөн 10-р сарын 9-23-ны өдрүүдэд  Хэрлэн сумын 1-р багийн нутаг Малчны хорооллын 8 өрх айлын суурьт том жижиг нийлсэн 0.1-3 насны 63 гахай өвчилж, үүний 22 нь тодорхойгүй шалтгаанаар хорогджээ. Мэргэжлийн байгууллагынхан өвчилсөн гахайнаас дээж авч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид шинжлүүлэхэд гахайн сонгомол мялзан өвчний үүсгэгч илэрсэн байна.

Үүний улмаас10-р сарын 31-ий өдөр Хэрлэн сумын Засаг даргын А/330 тоот захирамж гарч, 1-р багийн нутаг дэвсгэрт хорио цээрийн дэглэм тогтоожээ.

Ингэснээр Зүүн гүүр болон голомт бүхий айл өрхүүдийн ойролцоо ариутгал, хяналтын 5 пост ажиллаж байна. Тус багийн хэмжээнд бүх гахайд эрүүл мэндийн үзлэг хийж өвчилсөн болон өвчний шинж тэмдэгтэйг нь тусгаарлажээ.  

Халдварт өвчний голомтод 173 гахай байгааг бүгдийг  устган ариутгаж, халдваргүйжүүлэх ажлыг эхлээд байна. Ер нь Хэрлэн сумын хэмжээнд нийт 618 гахай тоологджээ.Гахайн мялзан өвчин гарсантай холбогдуулан нийтийн хоолны газар, хиамын цехүүд болон аж ахуйн нэгж, ард иргэд  гахайн мах худалдан авахгүй байхыг анхааруулж байна. 

Б.Туяа

 

 

Холбоотой мэдээ