Э.Макрон нисдэг тэрэгнээс шумбагч хөлөг онгоцон дээр буужээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
adiyakhuu@montsame.mn
2017-07-05 12:35:12

ПАРИС./BBC/. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон атомын шумбагч хөлөг онгоцны бүхээгт сууж, цөмийн цэнэгтэй пуужин хөөргөж буйг дууриалган явуулсан байлдааны сургуулилтад оролцжээ.

Бретанийн эргээс 300 км-ийн зайд явж байсан "Ле Террибль" атомын шумбагч хөлөг онгоцон дээр тэрбээр нисдэг тэрэгнээс буужээ. Бууж байгаагаа харуулсан гэрэл зургуудаа Ерөнхийлөгч нийгмийн сүлжээнд тавьсан байна.

2019 онд Их Британи улс Европын Холбоог орхин гарснаар тус холбооны 27 гишүүн орны дотроос зөвхөн Франц улс л цөмийн зэвсэгтэй гүрэн болох юм. Энэ тухайд Э.Макрон хэлэхдээ “Францын цөмийн тогтоон барих хүч бол аюулгүй байдлы амин сүнс юм” гэжээ.

Тэрбээр Иль-Лонг гэдэг тэнгисийн цэргийн баазад бүтэн өдрийг өнгөрүүлж, байлдааны сургуулилтыг ажигласан байна. Энэ баазад Францын дөрвөн атомын шумбагч хөлөг онгоц байрладаг бөгөөд тэдгээр нь цөмийн цэнэгтэй баллистик пуужингаар зэвсэглэжээ.

Франц улс нийтдээ 300 орчим цөмийн цэнэгт хошуутай аж.

Б.Адъяахүү 
Холбоотой мэдээ