Жудо бөхийн холбоо Замын-Үүдэд клубээ нээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-07-09 14:57:42
Дорноговь /МОНЦАМЭ/. Монголын жудо бөхийн холбоо Дорноговь аймгийн Замын-Үүд суманд өөрийн  клубээ нээхээр болжээ.
Зургадугаар сарын сүүлчээр жудо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Ази тивийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од тэргүүтэй тамирчид, спортын зүтгэлтнүүд Замын-Үүд суманд ирж клуб байгуулах боломж нөхцөл боломжийн талаар судалж, орон нутгийн удирдлагуудтай уулзсан байна. Удахгүй клубыг албан ёсоор нээхээр төлөвлөсөн аж.
Замын-Үүд сум нь харьяалалгүй оршин суугчидтайгаа нийлээд 25 мянга орчим хүн амтай, Монгол Улсын хамгийн том боомт хот бөгөөд  дэлхий, олимпийн топ төрөл болох жудог орон нутагт хөгжүүлэх хэрэгцээ шаардлага байгаа гэж албаныхан үзжээ. 
Тус холбоо нь 21 аймаг, есөн дүүрэгт  өөрийн гэсэн клубтэй болох зорилт тавьж хүүхэд залуусыг бие бялдар сайтай, өв тэгш хүмүүжилтэй болгох, цаашлаад их спортод дуртай  болгох, жудогийн гайхамшгийг мэдрүүлэх талаар анхаарч ажиллаж байгаа аж. Одоогоор Монголын жудо бөхийн холбоо 3000 гаруй гишүүнтэй бөгөөд насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 240 гаруй, өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд 400 гаруй тамирчин жил бүр тогтмол оролцдог байна. 
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ