Нас барсан иргэдийн нэрээр тэтгэврийн зээл авч байсан гэмт хэргийг шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2015-11-03 14:02:22

Нийгмийн даатгалын ажилтнууд нас барсан иргэдийн нэрээр улсаас их хэмжээний мөнгө авч байсан хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн цагдаа нар шалгаж байна.

Цагдаагийн мөрдөн байцаагчид нийслэл, орон нутгийн нийгмийн даатгалын байгууллагууд арилжааны банкуудтай үгсэн хуйвалдаж нас барсан ахмад настнуудын нэрээр тэтгэврийн зээл авдаг байсан ноцтой гэмт хэрэг илрүүлжээ. Шалгалтын эхний байдлаар 10 мянга гаруй иргэний нэр холбогдох төлөвтэй байгаа аж. Иргэд нас барсан ахмад настныхаа бичиг баримтыг нийгмийн даатгалд хүргүүлдэг ч төрийн үйлчилгээний ажилтнууд талийгаачийн нэрийг улсын бүртгэлээс хасалгүй арилжааны банктай хуйвалдан "амьд" мэтээр  тэтгэврийг нь авсаар байжээ. Одоогоор хохирлын хэмжээг эцэслэн тогтоогоогүй, мөрдөн байцаалт үргэлжилж байна.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ