АНУ-цагаачдад хамгийн ээлтэй орон

Дэлхийд | Нийгэм
adiyakhuu@montsame.mn
2017-07-12 12:11:43

НҮБ./TASS/. Цагаачдын хувьд хамгийн их очих дуртай газар бол АНУ гэдгийг НҮБ-ын дэргэдэх цагаачдын асуудал эрхэлсэн байгууллага болох IOM-ээс саяхан нийтэлсэн илтгэлд дурджээ.

Тус байгууллагын шинжээчид Gallup гэдэг социологийн судалгааны албанаас 2010-2015 онд явуулсан судалгаанд дүн шинжилгээ хийсэн байна. Тэдний тооцоолсноор, цагаачлахаар шийдсэн нийт хүмүүсийн 1/5 нь АНУ-д очихыг хүсч байгаа ажээ.

Илтгэлд дурдсанаар, манай гарагийн 700 сая орчим хүн хаа нэгтээ газар руу цагаачлахыг хүсдэг гэнэ. Энэ тоо нь одоогоор цагаачилж буй 244 сая хүнээс гурав дахин олон байгаа юм.

Түүнээс гадна, дэлхийн насанд хүрсэн хүн амын 1,3 хувь нь болох 66 сая хүн ойрын 12 сарын хугацаанд аль нэг улс руу цагаачлан явахыг хүсч байгаа бол тэдний 1/3 нь болох 23 сая хүн аль хэдийн визийн мэдүүлгээ өгч, явахад бэлтгэн мөнгө хуримтлуулж, гадаад хэл сурч байгаа гэнэ.

Цагаачлахыг хүсч буй хүмүүсийн дотор АНУ-д очихыг хүсч буй хүмүүсийн тоо хамгийн олон байгаа бол цагаачдыг татах тал дээр Их Британи, Саудын Арави, Франц, Канад, Герман, ӨАБНУ удаалжээ.

Г.Доржханд
Холбоотой мэдээ