Х.Сүхбаатар: Манай компанийн амжилт бол хамт олны минь хүч хөдөлмөр юм

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-07-16 13:11:12
Увс /МОНЦАМЭ/ Увс аймгийн тэргүүлэгч компаниудын нэг “Арвижих-Увс” компани 20 нас хүрсэнтэй холбогдуулан тус компанийн захирал Хасгаагийн Сүхбаатартай ярилцлаа.

-Юуны өмнө танд Увс аймгийн шилдэг компаниудын нэгийг толгойлж, 20 жил удирдан өдий дайтай хүргэсэнд тань талархал илэрхийлье?
-Баярлалаа. Манай компани нь барилга угсралт, газар тариалан, барилгын материалын үйлдвэрлэл эрхлэн ажиллаж байна. Компани маань өдий дайтай явж байгаа нь дан ганц миний хөдөлмөр биш, манай компанид ажиллаж байсан, бас одоо ажиллаж байгаа хамт олны маань хүч хөдөлмөр юм. -Өнгөрсөн 20 жилийг эргэн дурсвал ямар вэ? Хамгийн их аз жаргалтай, бас зовлон бэрхшээлтэй үе нь хэдийд байв?
-Өнөөдрийн энэ өдрөөс өнгөрснөө эргэн дурсахад ажил хөдөлмөр буцалсан, хамт олон нь бүрэлдсэн, амьдрал ахуй дээшилсэн, үр бүтээлтэй, аз жаргалтай он жилүүд нь зовлон бэрхшээлтэй он жилүүдээсээ илүү олон байсан. Харин сүүлийн жилүүдэд хэт их намчирхал, эдийн засгийн хямрал үүссэнээс болж бүтээн байгуулалтын ажил зогсож хамт олон маань ажилгүй, цалин хөлсгүй, орлогогүй байгаа нь хамгийн том зовлон юмуу даа.
-Яагаад барилгын салбарыг сонгож авсан юм бэ?
-Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт Ч.Нүүнээ гуайтай хамтарч 1990-ээд оны эхээр Барилга угсралтын трестэд ажиллаж байгаад зах зээлийн давалгаанд тарж бутарсан ажилгүй барилгачдыг нэгтгэн барилгын бригад байгуулж, анх Сагил сумын Хөх Харгайн заставын барилгыг барьж эхэлсэнээр барилга гэх их айлд хөл тавьсан түүхтэй.
-Та компанийхаа ирээдүйг хэрхэн төсөөлдөг вэ?
-Одоо ажиллаж байгаа салбаруудаа улам сайн ажиллуулна. Өөрөөр хэлбэл, орчин үеийн шаардлагад нийцсэн барилга барих, барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх чиглэлээрээ тогтвортой ажиллана.
-Барилгын ямар материалиуд үйлдвэрлэж байгаа вэ?
-Манай компани нь 2014 оноос эхлэн Баруун таван аймгийг хангах хүчин чадал бүхий краказан барилгын ханын дүүргэлтийн материал хөнгөн блокны үйлдвэр, мөн дулаалгын хөөсөнцөр, сендвичин хавтан, си төмрийн үйлдвэрлэл эрхлэн ажиллаж байна.
-Жил ирэх тусам хот, хөдөөгүй барилгажилт газар авч байна. Энэ тохиолдолд барилгын салбарынхан юунд илүү анхаарч ажиллах ёстой вэ?
-Сүүлийн жилүүдэд барилгын үйлдвэрлэл нэмэгдэж байгаа нь үнэн. Иймээс чанарын шаардлага хангасан барилга барих нь хамгийн чухал болоод байна.
-Увс аймгийн Цэнгэлдэх хүрээлэнг танай компани барьж ашиглалтад оруулсан. Энэ барилгыг барих явцад багагүй хэл ам гарсан. Бас хөрөнгө мөнгө нь шийдэгдэхгүй цаг алдсан тал бий. Энэ асуудал шийдэгдсэн үү?
-Монгол Улсад цөөхөн байдаг, орчин үеийн стандартын шаардлага хангасан, 2500 хүний суудал бүхий, 400 метр гүйлтийн замтай цэнгэлдэх хүрээлэнг барихад төсөв санхүүжилтийн асуудлаас болж ажил удаашран 2011-2015 онд барьж гүйцэтгэсэн. Цэнгэлдэх хүрээлэнг барьсан газар нь доороо мөнх цэвдэгтэй тул ажил удаашрах бас нэг шалтгаан болж байсан. Ямартай ч төрөлх аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн баярын өмнөхөн ажлаа дуусгаж ашиглалтанд хүлээлгэн өгсөн. Ер нь бол, манай компанийн бүтээн байгуулалт дотроос Монгол Улсын Маршал, Хөдөлмөрийн баатар, Улсын баатар Ю.Цэдэнбалын талбай болон Цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажлууд маань хамгийн их хүч хөдөлмөр шингэсэн, бахархалтай бүтээн байгуулалт байсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
-Хорин жилийн ойгоо угтаад ямар бүтээлч ажил өрнүүлсэн бэ?
-Манай компанид олон жил ажилласан 10-аад ажилчиндаа орон сууц барьж өгсөн. Мөн таван айлд хашаа авч өгсөн бол таван айлд мөнгөн тусламж үзүүлсэн. Ер нь бол олон жил ажилласан ажилчдынхаа хөдөлмөрийг үнэлэн бүтээлч ажлуудыг өрнүүлсээр байгаа.
-Сүүлчийн мөчийг танд үлдээе?
-Барилгын салбарт 20 жил ажиллаж байгаа Увс аймгийн ууган компаниудын нэг “Арвижих-Увс” компанийн тэгш ойн баярын мэндийг Увсчууддаа болон нийт барилгачиддаа хүргэж, сайн сайхныг хүсье. “Бурхан багш хүнийг бүтээсэн, бусдыг нь барилгачид бий болгосон” гэдэг нэг сайхан үг бий. Хүнээс бусдыг бүтээж чаддаг барилгачдаараа бахархаад баршгүй. Энэ салбарт 20 жил ажиллаж, Увс аймгийнхаа болоод улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд өөрийн гэсэн үнэтэй хувь нэмрээ оруулж байгаадаа манай хамт олон ч гэсэн үргэлжид бахархаж явдаг.
-Танд баярлалаа.
Б.Замбал
Холбоотой мэдээ