Хөшөө дурсгалыг засаж сэргээх ажлыг албан байгууллагуудаар хийлгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-07-17 10:57:01
Сүхбаатар /МОНЦАМЭ/.Баруун-Урт суманд хуучны болон шинээр бүтээлгэсэн гээд цөөнгүй хөшөө дурсгал бий. Хамгийн сүүлд бүтээсэн хөшөөнүүд нь 2012 оных. Эдгээр хөшөө дурсгалууд байгалийн хүчин зүйл болоод хүний буруутай үйлдлээс болж элэгдэж муудан, өнгө зүсээ алдсан. Тиймээс удахгүй болох аймгийн баяр наадмыг угтаж эдгээр хөшөө дурсгалуудыг сэргээж янзлах, хашаа хайстай болгох ажлыг албан газрууд өөрсдийн хүч, санаачлагаар хийхийг уриаллаа.
Морь барианы газарт байрлах нийгмийн хонгор хэмээх морины хөшөөг Сүхбаатар ойжуулалт сум дундын ой анги ОНӨҮГ-ын хамт олон хийж эхэлжээ. Энэ мэтчилэн бусад хөшөө дурсгалудыг ч мөн адил өнгө будгийг нь сэргээж засах,хашаа хайсыг цэгцлэх, хашаагүй бол хашаажуулах ажлыг албан газар, аж ахуйн нэгжүүд хамтран хийх юм. Энэ нь аймаг орон нутгийн өнгө үзэмжинд эерэгээр нөлөөлөхөөс гадна аймгийн ой, үндэсний баяр наадамдаа оруулж буй том хувь нэмэр болох аж. Цаашлаад нийтийн эзэмшлийн хөшөө дурсгал, зам талбайг зөв зохистой ашиглах, хайрлаж гамнах сэтгэлийн хүн бүрт төлөвшүүлэх хэрэгтэйг сануулав.
Т.Одончимэг
 
Холбоотой мэдээ