Чойбалсан хотыг чөлөөт бүс болгоно гэв үү

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-11-03 15:44:24

Дорнод аймгийн Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр хотоо эдийн засгийн чөлөөт бүс болгох санаачлага гаргаж иргэдээсээ санал авах гэнэ.

Тэрээр, хэрэв хотоо эдийн засгийн чөлөөт бүс болгох юм бол аймаг орон нутагт орох хөрөнгө оруулалт нэмэгдэж эдийн засгийн хувьд хөл дээрээ босно гэж тооцоолж байгаагаа ярьсан. Чөлөөт бүсийн тухай Монгол улсын хуульд зорилгыг нь “Тухайн бүсэд эрх зүй, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлснээр иргэн, аж ахуйн нэгжийн экспорт, импортыг дэмжих, экспортын чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, худалдаа, үйлчилгээний шинэ салбар, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтыг татах, транзит тээвэр, логистикийг нэмэгдүүлэх, тэргүүний техник, технологийг нутагшуулах, худалдааг хөнгөвчлөх, бүс нутгийн хөгжлийг хурдасгах замаар эдийн засгийн хөгжлийг нэмэгдүүлэхэд оршино” хэмээн тодорхойлсон байдаг. Эндээс харвал чөлөөт бүс байгуулахын хамгийн гол зорилго нь экспортын чиглэлийн үйлдвэрүүдийг дэмжих юм. Чөлөөт бүсэд байрлалтай үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг татвараас чөлөөлөх арга хэмжээ авдаг. Үүнд гаалийн татвар, нэмүү өртгийн албан татвар, орлогын татвар гэх мэт татвараас чөлөөлөгдөх эсвэл хөнгөлөлт эдлэх боломжууд багтдаг.

Харин Чойбалсан хотоо бүхэлд нь үү, тодорхой нэг хэсгийг нь үү, ер нь чөлөөт бүс байгуулах нь зөв үү гэдгийг аймгийн ИТХ-аараа хэлэлцүүлнэ гэдгээ ч хэлнэ лээ.

Урьдчилан нутгийн иргэдээсээ санал авах гэнэ. Ийнхүү Халхголын чөлөөт бүсийн шуугиан намжаагүй, ид өндрөө авч байх энэ зуур хотоо чөлөөт бүс болгоно гэсэн яриаг гэв гэнэтхэн гаргасан нь өмнөх хэл ам, шуугианыг бүдгэрүүлэх, ард олны санаа сэтгэлийг өөр чигт хандуулах гэсэн далд санаа ч байж мэдэх юм хэмээн иргэд ч ярьж байна.

Б.Туяа

Холбоотой мэдээ